Манай улс барилгын материалынхаа 67 хувийг гаднаас импортолдог. Үлдсэн 37 хувийг нь дотооддоо үйлдвэрлэдэг. Импортын зарим барилгын материалын гаалийн татварыг 5-20 хувиар нэмэгдүүлж дотоодын үйлдвэрүүдийг дэмжиж байна. Гэсэн ч дотоодын үйлдвэр төрөлжиж хөгжөөгүйгээс шалтгаалж үнийн хувьд өндөр байна.
Төрөөс баримталж буй бодлогын хувьд барилгын материалын 50 хүртэлх хувийг дотоодоосоо хангах чиглэлээр ажиллаж байна. Тодруулж хэлбэл, арматур, цемент, хавтгай шилний үйлдвэрийг барьж байгуулах санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа талаар холбогдох яамнаас мэдээллээ. Одоогоор цементээ дотоодоосоо 100 хувь хангаж байгаа юм. Цаашид арматурын үйлдвэрийг дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэн барих мөн шил боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг мөн мэдээлж байна.
Барилгын материалын үйлдвэрийг барих гэж буй компанийн газрын асуудлыг шийдэх, гаалийн татвараас чөлөөлөх зэрэг төрөөс дотоодын барилгын материал үйлдвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлж байна.
Мөн дотооддоо үйлдвэрлэж буй зарим барилгын материалын гаалийн татварыг 5-20 хүртэлх хувиар нэмэгдүүлээд байгаа юм. Үүнээс гадна цементийн дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн нь үнийн хувьд нэлээд өндөр байдаг. Үүнийг салбарын яамнаас дотоодод үйлдвэрлэж байгаа цементийн үнэ 2024 онд импортоор орж ирж байгаа цементийн үнээс хямд байх зохицуулалтыг хийнэ гэсэн юм.
Манай улс барилгын материалынхаа ихэнх хувийг импортоор авдаг. Гэвч хилээр нэвтэрч байгаа барилгын материалын дийлэнхийг зөвхөн тохирлын гэрчилгээг л харж оруулдаг бөгөөд нарийн шинжлэх лабораторийн хүчин чадал дутмаг байна. Тэгвэл Замын-Үүдэд баригдаж буй сорилт, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг ирэх оны төсөвт суулгаж өгчээ.