Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 42 банк бус санхүүгийн байгууллага финтек зээл буюу аппликейшний зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ төрлийн үйлчилгээг үзүүлж буй банк бус санхүүгийн байгууллагын тоо өссөн. Мөн зээлдэгчийн тоо, зээлийн хэмжээ нэмэгдсэн байгаа ч хүүгийн хувьд өмнөх жилүүдийнхтэй ижил өндөр хэвээр байна.
- 2021 оны эхний хагас жилийн байдлаар аппликейшний зээлийн үйлчилгээ үзүүлж байсан 22 банк бус санхүүгийн байгууллага байсан бол энэ тоо өнөөдөр 1.9 дахин өсөж 42 банк бус санхүүгийн байгууллага цахим зээлийн үйлчилгээ иргэдэд үзүүлж байна.
- Мөн 2021 онд 421.000 иргэн аппликейшнээр зээл авч байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 2.4 дахин өсөж 1 сая болсон байна.
- Тодруулбал, энэ оны хагас жилийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагаас 1.3 сая гаруй иргэнд зээл олгосноос 77 хувь нь буюу 1.021.000 гаруй иргэн аппликейшнээр зээл авчээ.
- Аппликейшний зээлийн хүүгийн хувьд 3-4 орчим байгаа юм. Энэ нь тухайн иргэнд 100.000 төгрөгийн цахим зээл олгох тутамд 30.000 төгрөгийг энэ төрлийн зээлийн үйлчилгээ үзүүлж буй компани авч байна гэсэн үг юм.
Ихэнх зээлийн аппликейшн нь хүүгээ 3-4 орчим хувиар бодож байгаа юм. Харин зарим аппликейшний хүү харьцангуй өндөр байна. Жишээлбэл, иргэн зээлийн аппликейшнээс 150.000 төгрөгийн зээл авбал хүү нь нэг сарын 8.150 төгрөгөөр бодогдох тохиолдлууд ч байна.
Мөн өнгөрсөн оноос эхлэн зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, өрийн дарамтаас сэргийлэхийн тулд аппликейшний зээлийг нэг зэрэг олноор авах боломжийг хумьж эхэлсэн байна.
ББСБ-ын үйл ажиллагааны хувьд хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани цахим зээл гаргаж болно. Ингэхдээ тодорхой хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал, өр, орлогын харьцаа, хүү бодсон аргачлал, зээлдэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байдал зэрэг шаардлагыг хангасан байх хэрэгтэй юм.
Аппликейшний зээл нь 2017 оноос хойш манай улсад нэвтэрсэн. Энэ төрлийн зээлийн үйлчилгээний хүү 3-4 хувьд хадгалагдсаар байгаа юм. Энэ нь инфляцын өндөр түвшин, мөнгөний бодлогыг хатууруулсантай холбоотой юм.