Сүүлийн гурав хоногийн хугацаанд мал хариулж яваад сураггүй алга болсон нийт найман хүн нас баржээ
Сүүлийн гурав хоногийн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газарт иргэд төөрсөн, сураггүй болсон тухай нийт 46 дуудлага мэдээлэл иржээ.11-р сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. Иймд иргэд малчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ мэдээллийг сайтар сонсож бэлтгэл ажлуудаа хангах шаардлагатайг холбогдох албаныхан сануулж байна.

Сүүлийн гурав хоногийн хугацаанд мал хариулж яваад сураггүй алга болсон нийт найман хүн нас барсан байдалтай олджээ. Иймд малчид иргэд байгалийн аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах шаардлагатай байна. Энэ онд өвөлжилт баруун аймгуудын нутаар хүндрэх төлөвтэй байгааг холбогдох байгууллагаас анхааруулжээ. Хөдөө орон нутгийн иргэдийн утсанд цаг агаарын сэрэмжлүүлэх зурвас нэгдсэн байдлаар ирдэг. Үүнтэй зэрэгцэн иргэд бэлэн байдлаа хангах нь чухал юм. Малчид малынхаа тоо толгойд тааруулан өвс тэжээлээ бэлтгэдэг хэдий ч өвөлжилт хүндэрвэл нөөцөлсөн өвс тэжээл нь хүрэлцэхгүй тохиолдол гардаг байна. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хүйтний эрчим 1-4 градусаар чангарах төлөвтэй байна. Иймд иргэд цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ мэдээллийг сайтар нягтлах шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Энэ онд улсын хэмжээнд  62,1 сая толгой мал өвөлжихөөр байна. Одоогийн байдлаар өвс тэжээл бэлтгэх ажил баруун аймгуудад 88 хувьтай байгаа бол төвийн аймгуудад 94 хувийн бэлтгэлтэй байна.