Манай улсад ганц байдаг хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхээ больж энэ оны сүүл хүртэл үзлэгийн цаг олдохоо больсон байна. Мөн туяа эмчилгээнд орох шаардлагатай иргэд 1-2 сар хүлээснээр эмчилгээнд ордог зэрэг олон хүндрэлтэй асуудал удаан хугацааны турш тулгарч байгаад иргэд гомдолтой байна.
Хавдрын эмнэлгийг шинээр байгуулах зураг төслийн тендерийг хариуцсан компани нь анх 1 тэрбум төгрөгийн төсөвийг тусгасан ч жил дамнан явсаар төсөвт өртөг нэмэгдэн 4 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Анх төлөвлөсөн өртгөөр зураг төслийг гаргах боломжгүй байгаа учраас уг ажил удааширчээ. Хавдрын эмнэлгийг барих зайлшгүй шаардлагтай байгаа тул ирэх оны төсөвт 10 орчим тэрбум төгрөгийг суулгах санал тавигджээ. Урьдчилсан тооцооллоор хавдрын эмнэлгийг шинээр барьж ашиглалтад оруулахад 90 гаруй сая доллар буюу 400 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардагдах юм байна.