Нэгсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрх дорнодын бүс нутагт өрнөж байгаа дайны дараах Газа хотын нөхцөл байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Өнгөрөгч бямба гарагт болсон дээд хэмжээний уулзалтын дараа Иорданы гадаад хэргийн сайд Айман Сафади дайны дараа Газа хотод үлдэх зүйл, бүс нутгийн оршин суугчдад тохиолдож болох хүндрэл бэрхшээлийн талаар ярьжээ. Тэрбээр “дайны дараа амьд үлдсэн хүмүүсийн ирээдүй нь тодорхойгүй хэвээр байна. Уг асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсээр байгаа ч хөндлөнгийн санал санаачилга хангалтгүй хэвээр байна” хэмээн ярьжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хамас-Израилын зэвсэгт мөргөлдөөн дуусгавар болсны дараа газын зурвасыг Палестины шинэчлэгдсэн засаг захиргаанд өгөх асуудлыг хөндсөн байна. Харин Израилын сангийн сайд Безалел Смотрих Нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн даргын санал санаачилгыг няцааж, Хамас бүлэглэлийн үйл ажиллагааг бүрэн зогсоох хүртэл урт хугацаа шаардлагатай учраас Газа хотыг тус улс бүрэн эрхшээлдээ авах ёстойг онцолжээ. Түүнчлэн Израилын Ерөнхий Сайд Б.Нетаньяху "Газа хотын иргэний хэргийг аль төрийн институц хариуцах нь чухал биш. Гагцхүү Израилын тал аюулгүй байдлын асуудлыг бүрэн хариуцах нь чухал байна. Газын зурвасыг бүхэлд нь цэрэг, армигүй, зэр зэвсэггүй бүс нутаг болгоно.” хэмээн мэдэгджээ. Энэ нь Израил улс Газа хотын хилийн хяналт, худалдаа, бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэлтийг хянахтай холбоотой асуудал гэж шинжээчид таамаглаж байна.
Үүнээс гадна өнгөрөгч ням гарагт Израилын хуурай замын арми газар дундын тэнгисийн Газа хотыг голоор нь хоёр хэсэгт хувааснаа мэдээлсэн байна. Газа нь 41 км урт, 6-12 км-ийн өргөнтэй зурвас бүс нутаг юм. Тэгвэл Израилын явган цэргүүд газын зурвасыг хөндлөн гулд хувааж, газар дундын тэнгисийн эрэгт хүрсэн байна. Уг тусгай ажиллагаа нь Газа хотын доор тусгайлан байрладаг Хамас бүлэглэлийн нуувч хонгилыг эрхшээлдээ оруулахад өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Израилын арми ирэх 48 цагийн хугацаанд Газа хотыг бүрэн хяналтдаа авч, Хамасын гол байршил, обьектуудад дайралт хийх төлөвтэй байна.