БНХАУ-ын эрх баригчид Тайванийн засаг захиргаанд зэр зэвсэг нийлүүлэх Жо Байдены засаг захиргааны шийдвэрт харамсаж бас эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. 80 сая Америк долларын зэр зэвсгийн тусламж нь зээл биш. Энэ нь АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр амилдаг “гадаадын цэргийн санхүүжилт” хэмээх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм байна. Өнгөрсөн жил ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд түрэмгийлснээс хойш АНУ-ын засаг захиргаа зөвхөн “гадаадын цэргийн санхүүжилт” хөтөлбөрөөр дамжуулан Киевийн талд 4 тэрбум Америк.долларын зэр зэвсгийн тусламж үзүүлсэн байна. Өмнө нь уг хөтөлбөрийн тусламжтайгаар АНУ-ын Засгийн газар Афганистан, Иракт цэргийн тусгай ажиллагаа явуулж байсан юм.
Тэгвэл АНУ-ын Засгийн Газар 1979 онд Тайваниас дипломат харилцаагаа тасалж, нэг Хятад бодлогыг хүлээн зөвшөөрснөөсөө хойш арлын засаг захиргаанд болзошгүй халдлагаас сэргийлж зэвсэг худалдсаар байсан юм. Мөн шинжээчид Жо Байдены гарын үсэг зурсан 80 сая Америк долларын тусламж бол маш том мөсөн уулын оройн нэг ч байж болзошгүй гэж үзэж байна.
Түүнчлэн өнгөрөгч 7-р сард ерөнхийлөгч Байден Тайваньд 500 сая Америк.долларын өртөг бүхий цэргийн үйлчилгээ, техник хэрэгсэл худалдахыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн. Түүнчлэн Жо Байден Тайванийн хуурай замын анги нэгтгэлийг нэгдсэн улсад сургах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн өнгөрөгч 6-р сард Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэнь АНУ-ын үйлдвэрлэгчдээс ирэх 5 жилийн хугацаанд 10 тэрбум Америк долларын зэр зэвсэг худалдан авах гэрээг байгуулсан нь Тайвань АНУ-ын батлан хамгаалах салбарын нөөцөөс зэр зэвсэг тусламжаар эсвэл худалдаж авч байгаагаас тусдаа өөр гэрээ хэлэлцээр юм байна.
Тайваний Арми олон зуун байлдааны танктай ч орчин үеийн хөнгөн пуужингийн систем тэдэнд дэндүү цөөхөн байдгаас гадна Армийн командлалын бүтэц, тактик, сургалтын арга хэрэгсэл нь сүүлийн хагас зуун жилийн турш огт шинэчлэгдээгүй байна. Олон фронтоор хамгаалах хүн хүчний нөөц хангалтгүй, сөрөг тагнуулын байгууллагын үйл ажиллагаа нь хязгаарлагдмал, цэрэг татлагын тогтолцоо нь дампуурсан гэж шинжээчид дүгнэж байна. 2013 онд Тайваньд цэргийн алба хаах хугацааг нэг жил байсныг дөрөвхөн сар болгон бууруулж байсан бол өнгөрсөн онд эргэн 12 сар болгон сэргээсэн нь ирэх жилээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна. Гэхдээ илүү том сорилтууд тэднийг хүлээж буйг гэдгийг шинжээчид хэлж байна. Учир нь Тайванийн залуучууд цэргийн алба хаах үүргээ залуусын зуслантай зүйрлэж хошигнодог гэдгийг тэд онцолж байна.