Цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид хүрэлцэхгүй байгаа тул төрийн байгууллагын ажилтнууд сайн дураараа цас цэвэрлэж байна
Өнгөрсөн хагассайн өдрөөс эхлэн нийслэлд их хэмжээний цас үргэлжлэн орсон нь автозам болоод явган хүний зам дээр иргэд зорчиход хүндрэл үүсгээд байна. Нийслэлийн удирдлага, хот тохижилтын газар болон холбогдох байгууллагуудаас өнөөдрийг хүртэлх хугацаанд зам талбайд нийт 1000 гаруй тонн давс, бодис цацаж, цэвэрлэх ажлыг үргэлжлүүлж байна.

Өнгөрсөн амралтын өдрөөс орж эхэлсэн цас тэгш талбайд дунджаар 20 см-ийг давж, хурдан нягтаршсан тул нийслэлээс шуурхай арга хэмжээг авсан ч өнөөдрийг хүртэл цэвэрлэгээний ажил дуусаагүй байна. Цас орсон эхний өдрөөс эхлэн хотын авто замд нийт 700 гаруй тонн давс, 300 гаруй тонн бодис цацжээ.

Нийслэлээс жилд 3-4 тэрбум төгрөгийг давс, бодис худалдан авахад царцуулдаг байна. Энэ өвлийн худалдан авалтыг хийж одоогоор 3500 тн давс, 2600 тн бодис үлджээ. Цаашид ОЖД-аас их хэмжээний цас орох урьдчилсан төлөвтэй байгаа учраас нэмэлтээр бодис худалдан авах ажлыг нийслэлийн худалдан авах газраас зохион байгуулахаар болсон байна.

Харин явган хүний зам талбайд давс цацах боломжгүй тул хотын цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнууд хүрз, шүүр барин гараар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 24 цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүний 7 нь нийслэлд харьяалагддаг бол 17 нь нийслэлтэй гэрээтэй ажилладаг хувийн байгууллага байна. Эдгээр байгууллагын нийт 617 ажилчин цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа тул төрийн бусад байгууллагуудаас сайн дураараа явган хүний зам талбайн цэвэрлэгээнд нэгджээ.