“SUITS” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн Монгол ТВ, ORI-оор цацагдана

Олон улсын хэвлэлүүд Монгол улсад Америкийн NBC студийн бүтээл “SUITS” олон ангит киноны Монгол хувилбар 12-р сарын 3-ны өдрөөс эхлэн цацагдах гэж байгаа талаар онцлон мэдээлсэн байна. Тус цуврал нь  2011-2019 оныг хүртэл нийт 9 цуврал 134 анги хийгдэж дэлхий даяар сая сая үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл юм. БНСУ, Япон, Саудын Араб улсад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан бөгөөд Монгол улс 4 дэх улс нь болж байгаа юм.

“Оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ” уриатай Монгол ТВ анхныхаа олон ангит киног өлгийдөн авч, үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болсон байна.  Монгол улсад хийгдэж буй Suits олон ангит киноны гол дүрд Э.Чинзориг, О.Самданпүрэв нар тоглож байна.  АНУ-ын NBC Universal-ын SUITS олон ангит кино нь шилдэг хуулийн фирмийн шилдэг өмгөөлөгчдийн талаарх түүхийг өгүүлнэ. “Suits” Монгол олон ангит киноны хувьд, үнэний төлөө тэмцэх, гол дүрийн шударга өмгөөлөгчдөөр Монголын хуулийн ертөнцийг танилцуулж, анги бүртээ нийгэмд тохиолдож буй асуудлуудыг илэрхийлэхийг тусгасан байна.

Монгол ТВ телевиз нь анхны бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд оюуны таашаал өгөхийн зэрэгцээ Монголын кино урлагийн салбарт нэгэн шинэ дэвшил, өнгө төрхийг нэмэхийг зорьжээ. Иймд, OTT, драма хурдацтай хөгжиж буй өнөө үед Солонгосын драма продакшны системийг жишиг болгож, Монголын зураг авалтын арга техниктэй  хослуулан, шинэлэг бөгөөд чанарын өндөр түвшний гүйцэтгэл, хийцтэй бүтээл гаргахыг зорьсон байна. 

“Suits” Монгол олон ангит киноны арын албанд Солонгосын шилдэг кино уран бүтээлчид хамтран ажилласан байна. Тус киноны Ерөнхий продюсераар Солонгосын кино продюсерын холбооны дэд тэргүүн, Солонгосын урлагийн их сургуулийн Еино тэнхимийн эрхлэгч Чой Юн Бэ ажилласан бол Ерөнхий найруулагчаар 2010 оноос хойш Солонгосын “Комикс” зохиолын зохиолч, 2021 онд найруулсан “I don’t fire myself” киноны найруулагч И-Тэ-Гём, Зөвлөх зураглаачаар Солонгос топ 5 зураглаачдын нэг, Солонгосын нэг ангит кинонуудын Ерөнхий зураглаач  Ким Хён Гү, Тайзны Ерөнхий зураачаар Солонгосын анхны эмэгтэй Ерөнхий зураач Шин Бу Гён нар тус тус ажиллажээ. 

Харин киноны пост продакшн буюу эвлүүлгийг Солонгосын нэтфликс болон Холливүүдэд цацаж буй олон C-47 студи, өнгө тавилтыг тус улсад өнгө тавилтын чиглэлээр дагнан ажиллаж буй Ким Жэ Мин нар ажилласан байна. Мөн Монголын кино урлагт хүч түрэн орж буй залуу уран бүтээлчид болон Монгол ТВ-ийн ажилчдын хамтаар нийт 100 гаруй арын албаны уран бүтээлчид, 200 гаруй гол болон туслах жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болсон байна.

4 сарын турш тасралтгүй зураг авалт хийгдсэн Suits олон ангит киног Монгол телевизээр 12-р сарын 3-ны Ням гаргаас эхлэн гарч эхэлнэ. Мөн онцгой эрхтэйгээр зөвхөн http://www.ori.mn-/ цахим платформоос хүлээн авч үзэх боломжтой юм. 

АНУ-ын NBC Universal-ын SUITS олон ангит цуврал кино нь эрэгтэй үзэгчдийн судалгаагаар 2011 оноос хойших АНУ-д хийгдсэн хамгийн өндөр үзэлттэй олон ангит цуврал бөгөөд 2019 онд гарсан хамгийн сүүлийн 9-р цуврал нь тухайн ондоо Америкийн хамгийн олон үзэгчтэй цувралаар шалгарч байжээ. “Suits” олон ангит цуврал кино нь Netflix US-ийн “Шилдэг цуврал”, Америкийн нэгдсэн улс даяар тасралтгүй 6 долоо хоногийн турш хамгийн их үзэлттэй цуврал, Нэтфликс дээр 6 долоо хоногийн турш 20 тэрбум минутын хандалттай байсан байна.

Тус кино нь сүүлийн 3 жилд олон улсын нэтфликс дээрх эрэмбээр Герман, Бразил, Мексик, Швед, Австрали-д топ 5-д, Франц, Итали, Канад, Япон, Англид топ 10-т тус тус орж байжээ. 2012 оноос 2018 оны хооронд АНУ-ын кино наадмаас “Шилдэг олон ангит кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг туслах жүжигчин”-ий шагналуудыг хүртэж байсан бөгөөд уг хит цуврал нь гадаадын бусад орнуудад хийгдсэн байна. Тухайлбал Япон улсын Suits олон ангит цувралын эхний цуврал нь эфирт цацагдаж байх хугацаандаа хамгийн их хандалттай олон ангит цуврал болж байжээ. Харин хоёр дахь цуврал нь 2020 он дахь Fuji TV-ийн топ 5 remake бүтээлийн нэгээр шалгарч байжээ. Солонгос улсын Suits олон ангит цуврал нь Эфирт цацагдсан цагаасаа эхлэн, нийт 4 тэрбум минутын үзэлтээр хандалт авсан бөгөөд цацагдах хугацаандаа үзэлтийн тоогоор топ 1-р хандалт, 2018 оны KBS 2 телевизийн топ 10-н драмын нэг юм.

Холбоос линк: https://www.c21media.net/news/local-language-adaptation-of-us-legal-drama-suits-set-to-debut-on-mongol-tv/