Өнгөрсөн сард болсон Польш улсын парламентын сонгуульд Европын холбооны бодлого, арга хэмжээг дэмжигч намуудын эвсэл дийлэнх олонхын саналыг авсан байна. Гэвч Польш улсын Ерөнхийлөгч Анжей Дуда сонгуулийн өмнө хамгийн олон суудал авсан зөвхөн нэг намд Засгийн газар байгуулах эхний боломжийг олгоно гэж урьдчилан мэдэгдээд байсан юм.
Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда өнгөрсөн сарын 15-нд болсон сонгуульд парламентын танхимд дийлэнх олонх болж чадаагүй ч дангаар олон суудал авсан тул Засгийн газар эмхлэн байгуулах боломжийг “Үндсэрхэг үзэлт хууль ба шударга ёс” нам эдэлнэ гэдгийг Даваа гарагт мэдэгджээ. 2015 оноос хойш Польш улсын Засгийн эрхийг барьж байгаа “Үндсэрхэг үзэлт хууль ба шударга ёс” нам сонгуульд тэргүүлсэн ч олонх болж чадаагүй. Үндсэрхэг үзэлтнүүд сөрөг хүчний намуудтай эвсэхээс татгалзсан тул дангаар засаглах эрхтэй болжээ.
Анжей Дуда "Тайван дүн шинжилгээ хийж, зөвлөлдсөний үндсэн дээр Засгийн газар байгуулах ажлыг Ерөнхий сайд Матеуш Моравецкид даатгахаар шийдлээ" хэмээн телевизийн шууд дамжуулалтын үеэр мэдэгдсэн байна. А.Дудагийн шийдвэрийг “Үндсэрхэг үзэлт хууль ба шударга ёс” нам талархан хүлээн авч төдийгүй Матеуш Моравецки "Манай улсын олон жилийн түүхтэй үндсэн хууль хэрэгжиж буйн баталгаа боллоо" хэмээн Х сүлжээнд нийтэлсэн байна.
Гэхдээ одоо парламентын танхимын гишүүд М.Моравецкид итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулснаар тэрээр албан ёсоор Ерөнхий сайдын албан тушаалд томилогдох юм. Хэрэв Моравецки өөрт нь итгэл үзүүлэх дэмжлэг авч чадахгүй бол танхим өөр Ерөнхий сайд томилно. Тэгвэл сөрөг хүчний намуудын эвслийн тэргүүн Доналд Таск Ерөнхий сайдын сунгаанд өрсөлдөх гол нэр дэвшигч болно гэж шинжээчид үзэж байна. Европын зөвлөлийн тэргүүн асан Доналд Таск нь цагаачлалын нээлттэй бодлого баримталж, ЛГБТ нийгэмлэгийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хөндөж, Польш улсын гадаад нэр хүндийг өргөхөд анхаарлаа хандуулна гэдгээ онцлоод байгаа юм. Либерал иргэний эвслээс Засгийн эрхийг өнгөрсөн 8 жилийн хугацаанд барьсан “Үндсэрхэг үзэлт хууль ба шударга ёс намыг шүүхэд хяналтаа тогтоож, төрийн телевизийг намынхаа суртал ухуулгын хэрэгсэл болгон хувиргаснаар ардчилсан стандартыг эвдэж байна гэж буруутгаж байгаа юм. Мөн Засгийн эрх баригч намын зүгээс эх орноо ЛГБТ хүмүүс оршин тогтнодоггүй бүс нутаг хэмээн зарласны уршгаар Европын холбооноос Варшавд үзүүлэх эвслийн санхүүжилтийг танаж, гадаад хөрөнгийг нь царцаах хүртэл арга хэмжээ аваад байгаа юм.