Газа хот дахь нийт ажлын байрны 60 гаруй хувь нь устаж, үгүй болжээ

Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Газын зурвас дахь нийт ажлын байрны 60 гаруй хувь нь устаж, үгүй болсныг НҮБ-ын Хөдөлмөрийн агентлагаас мэдээлжээ. Түүнчлэн бүс нутгийн эдийн засгийн өсөлт саарч, цаашдаа нөхцөл байдал сүйрлийн ирмэгт хүрэхэд ойрхон байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Нийтдээ 180 мянга гаруй ажлын байрны алдагдал гарснаар Газа хотын эдийн засгийн үр нөлөө 4 дахин буурсныг НҮБ-ын мэргэжилтнүүд онцолж байна. "Палестины хөдөлмөрийн зах зээл дэх эмгэнэлт хямралын үр дагаврын талаарх бидний анхны үнэлгээ маш түгшүүртэй үр дүнд хүрсэн бөгөөд цаашид мөргөлдөөн даамжрах тусам нөхцөл байдал улам бүр дордох болно” гэж НҮБ-ын Хөдөлмөрийн агентлагийн мэдэгдэлд дурджээ.

Дайсагналын уршгаар Газа хотын эдийн засагт өдөрт 16 сая америк.долларын хохирол учирч байгаа төдийгүй хүмүүнлэгийн ноцтой хямрал нь хүний үндсэн хэрэгцээгээ хангах эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг НҮБ-аас онцолжээ.

2005 оноос хойш Израилын бүслэлтэд байгаа газын зурвас дахь эдийн засгийн нөхцөл байдал 10-р сарын 7-нд мөргөлдөөн эхэлсний дараагаас улам бүр хүндэрсэн байна. Одоо олон улсын хамтын нийгэмлэг болоод бусад байгууллагууд Газа дахь бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, мөргөлдөөний дараах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлж эхэлжээ.

2023 он гарсаар нийт 2.3 сая гаруй оршин суугчтай Газа хотын ажилгүйдлийн түвшин 46.4 хувьд хүрсэн нь дэлхий дахинд хамгийн өндөрт тооцогдож байсан юм. Харин мөргөлдөөний уршгаар угийн цөөхөн байсан ажлын байрны талаас дээш хувь нь устаж үгүй болсон байна.

Өнөөдрийн байдлаар Газа хотын нийт хүн амын 80 гаруй хувь нь нэн ядуу хэмээх ангилалд багтаж байгааг НҮБ-аас мэдээлсэн байна.