Цалин, тэтгэвэр нэмсэн ч инфляцын өндөр түвшнээс шалтгаалж бодит нэмэгдэл болж чадахгүй

Улсын төсөв нь мөнгөний бодлоготой уялдах ёстой. Учир нь мөнгөний бодлогоор дамжуулан инфляцын түвшнийг бууруулж, иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлэх суурь асуудалд анхаарах учиртай юм. Зөвхөн үүний дараа төсөв тэлэх асуудал яригдах ёстой байтал 2024 оны улсын төсөв нь инфляцыг бууруулах чиглэл дэх бодлогыг тусгаагүй байгаа нь өрөөсгөл гэдгийг эдийн засагчид сануулсаар байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн бодлого нь мөнгөний бодлогоосоо түрүүлж явсаар ирсэн. Үүнээс шалтгаалж цалин, тэтгэврийг нэмсэн ч энэ нь инфляцдаа идэгдэж, бодит нэмэгдэл болж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байна. Тиймээс 2024 оны төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулж, инфляцын өсөлтийн хурдцыг сааруулж үүний дараа төсвөө тэлж, цалин, тэтгэвэр нэмэх нь үр дүнтэй гэдгийг эдийн засагч хэлж байна.

Засгийн газраас төсвийн бодлогоор дамжуулан инфляцыг бууруулж болдог. Өөрөөр хэлбэл, тодорхой бараа бүтээгдэхүүнд үнийн хязгаарлалт тавих, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн бодлогыг төсөвт суулгаж болох ч энэ талаарх бодлого ирэх оны төсөвт дутмаг байна.

2020 онд дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар манай улсын 3 хүн тутмын 1 нь ядуу амьдарч байна гэсэн тооцоолол гарсан. Цалин, тэтгэврийг нэмэх, НДШ, татварын хувь хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээг авсан ч энэ нь эргээд инфляцын өндөр түвшиндээ өртөж, иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна гэсэн үг юм.