Нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь 500-600 мянган төгрөг авдаг

Ерөнхий сайд 2024 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувь нэмэгдүүлэх санал гаргасан. Гэвч тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх нь бага гэж үзэн 15 хувь буюу 100.000 төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тэгвэл судалгаа шинжилгээнд үндэслэн иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх нь зөв ч гэлээ энэ мэт улс төрийн зорилготой шийдвэр гаргаад байвал инфляцын түвшинг нэмэгдүүлэх, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх үр дагавартай гэдгийг эдийн засагчид болон иргэд хэлж байна.

МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд ахмад настнуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гаргасан юм. Нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь бага тэтгэвэр авч байгаа учраас тэтгэврийн зөрүүг хувиар бус тоогоор нэмэх нь зүйтэй гэж үзжээ.

Харин ахмадуудын зүгээс сонгууль болохтой холбогдуулан халамж, тэтгэврийн мөнгийг нэмдэг жишгээр энэхүү саналыг гарсан гэж үзэж байгаа юм. Мөн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх үеэр дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг тул бодит дэмжлэг болж чаддаггүй байна.

Улсын төсвөөс тэтгэвэр тэтгэмжийг судалгаа шинжилгээгүйгээр нэмэгдүүлэх нь цаашид эдийн засагт үр өгөөж үзүүлэх хөрөнгө оруулалтуудаас тодорхой түвшинд хасагдах эрсдэлтэй юм байна. Иймд нийгмийн даатгалыг системийг өөрчлөх, нийгмийн даатгалын багц хуулиудыг шинэчлэх шаардлагатай байгааг эдийн засагч хэлж байна.

Мөн цаашид тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх асуудалд анхаарч тэтгэвэрийн хуримтлал үүсгэх тал дээр шат дараатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэйг эдийн засагч үзэж байна. Ингэснээр ирээдүйд үүсэх эдийн засгийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой болох юм.