Испани Улсын Парламентын танхимын чуулганы нээлтийн үеэр гүнж Леонорын тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, түүний эцэг эх болох хаан Фелип, хатан Летициа, гүнжийн дүү Софиа нар оролцжээ. Гэмгүй царай, цэнхэр нүд, үзэсгэлэнтэй инээмсэглэлээрээ Леонор гүнж Испанийн ард түмнийг байлдан дагуулж чадсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Одоо Испанийн ард түмний гүнжийн үг үйлдэлд ихээхэн анхаарал хандуулах төлөвтэй байна. Зарим судалгааны байгууллагууд Испанийн хааны гэр бүлийн хамгийн алдартай гишүүнээр Леонорыг нэрлэж, түүнийг асар их үүрэг хариуцлага үүрэх ёстой гэдгийг сануулсан байна. Хааны гэр бүл гүнж Леонорыг өнгөрсөн хугацаанд олны анхаарлын гадна үлдээж чадсан тул одоо хүн бүр түүнийг хэн болохыг мэдэхийг хүсэж байгаа гэж шинжээчид үзэж байна.
Тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр гүнж Леонор өнөөдөр миний бие насанд хүрч, үндсэн хуулийн дагуу тангараг өргөж, хуулийн өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, дагаж мөрдөж, хуулийг хамгаалахаа тангараглаж байна. Иргэд болон Автономит, өөртөө засах эрхтэй бүс нутгийн оршин суугчид, мөн хаанд үнэнч байхаа тангараглаж байна" хэмээн хэлсэн байна. Леонор гүнж Франц, Англи, Каталан хэлийг эх хэл шигээ эзэмшсэн төдийгүй Испанийн олон угсаатны Галиц, Баск хэлүүдийг сурч байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Түүний өвөг эцэг Хуан Карлос 1975 онд дарангуйлагч Франциско Франкогийн дэглэм нуран унасны дараа Испанийн хаанд нэхэн өргөмжлөгдсөн байна. Хуан Карлосыг улс орноо ардчилсан тогтолцоонд хүргэхэд чамгүй үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг ч түүний хувийн асуудал хааны гэр бүлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг байна. Хуан Карлос гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, улсын төсвийн мөнгөө оффшор бүсэд байршуулсан зэрэг дуулианд холбогдсоныхоо дараа буюу 2014 онд хааны титмээ хүүдээ залгамжлуулсан байна.