Монголчуудын амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн нь судалгаагаар тогтоогдсон талаар өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ
Төв Азийн далайд гарцгүй Монгол улс сүүлийн 10 жилийн хугацаанд харилцаа холбооны салбарт гайхалтай өсөлт харуулсан. Өргөн уудам, алслагдсан бүс нутгуудад тархан суурьшсан 3.4 сая орчим хүн амтай тус улсын харилцаа холбооны салбар, дэд бүтцийн үсрэнгүй хөгжил нь ард иргэдийг холбох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, Монголчуудын амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн нь судалгаагаар тогтоогдсон талаар өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ.

Монгол улсад харилцаа холбооны салбар эрчимтэй хөгжиж байгааг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Нэгдүгээрт энэ салбарыг өргөжүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах, нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих бодлогыг тус улсын үе үеийн Засгийн газар идэвхтэй хэрэгжүүлж ирсэн байна. Энэ нь харилцаа холбооны компани үүсгэн байгуулагдах шалтгаан болсон төдийгүй өрсөлдөөн нэмэгдсэнээр хамрах хүрээгээ тэлж, үйлчилгээний чанар ч даган сайжирсан туршлагатай юм байна.

Цаашилбал Монголчуудын гар утасны хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдсэн нь харилцаа холбооны хувьсгалын хөдөлгөгч хүч болжээ. Албан ёсны судалгааны тайланд Монгол улсын хүн амын 90 гаруй хувь нь гар утас ашигладаг, 80 орчим хувь нь өдөр тутамдаа гар утас тогтмол хэрэглэж заншсаныг онцолжээ. Энэ нь харилцаа холбоог хөнгөвчлөхөөс гадна цахим банк болон худалдаа, олон төрлийн мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжийг нээж өгсөн байна.

Монгол улсын харилцаа холбооны салбарт гарсан томоохон ололтуудын нэг бол интернэт холболтыг өргөжүүлсэн явдал байна. Монгол улсын Засгийн газраас хамгийн алслагдсан бүс нутгийг хүртэл хамруулан холбох шилэн кабелийг орон даяар татах чиглэлд багагүй хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь илүү хурдан, найдвартай холболтоор дамжуулан интернэт сүлжээнд нэвтрэх боломж олгож, дижитал хуваагдал, зааг ялгааг арилгаж, Монгол улсын иргэн, хувь хүн, бизнес эрхлэгчдийн бүс нутгийн ялгаатай байдлыг үл харгалзан дэлхийн дижитал эдийн засгийн арилжаанд оролцож, бараа бүтээгдэхүүнээ худалдах, түншийн харилцаа тогтоох зэрэг томоохон боломжийг бий болгожээ.

Түүнчлэн харилцаа холбооны салбарын өсөлт нь Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн байна. Энэ нь цахим худалдаа, мобайл банк, онлайн үйлчилгээ зэрэг төрөл бүрийн бизнес, арилжааны салбарыг хөгжүүлэхэд тус дөхөм болжээ. Харилцаа холбоо сайжирснаар гадаадын хөрөнгө оруулалт татаж, олон улсын худалдааны зах зээлийг нээлттэй болгосон байна.

Үүнээс гадна “Gallup” олон улсын судалгааны байгууллагаас дэлхийн 140 гаруй улс орны ард иргэдийн “Нийгмийн харилцаа холбоонд” үнэлэлт, дүгнэлт хийсэн байна. Ингэхдээ "Хүмүүсийн бусадтай сэтгэл хөдлөлийн хувьд хэр холбоотой байдгийг олж тогтоохыг эрмэлзжээ. Мөн "Бусад" гэдэг нь тухайн хүний гэр бүл, найз нөхөд, хөршүүд, хамтран ажиллагсад, тухайн хүний нэг хэсэг болсон ойрын хүмүүсийг хэлж байгаа юм. Тэгвэл дэлхий даяарх 10 хүн тутмын долоо нь нийгмийн харилцаа тогтоох чадвартай, эсвэл дотоод асуудлаа уудалж ярилцдаг, нэгэндээ санаа тавьдаг гэдэг нь тогтоогдсон байна.

Харин Монголчуудын нийгмийн харилцаа холбооны үзүүлэлтийг бусад улс орныхтой харьцуулшгүй байсныг судалгааны байгууллагаас онцолжээ. Монгол улс Косово, Тайвань, Босни Герцеговиныг ардаа орхиж, нийгмийн харилцаа холбоо хамгийн өндөр улсаар шалгарсан байна. Монгол эрэгтэйчүүдийн 95 хувь нь бусадтай хангалттай түвшинд холбогдож чаддаг бол эмэгтэйчүүдийн 94 хувь нь ийм төрлийн асуудалд огт санаа зовнидоггүй нь тогтоогджээ. Нийгмийн харилцаа ийм өндөр түвшинд хүрсэн нь тэдний орон сууцны зохицуулалттай холбоотой  байж магадгүй юм гэж судлаачид үзжээ. Монголчууд эртнээс нүүдэлчин амьдралын хэв маягт тохирсон, цаг агаарт тэсвэртэй эсгийгээр хучсан дугуй хэлбэрийн гэрт амьдарч ирсэн. Гэр дотор тусгаарласан хана гэж байдаггүй төдийгүй гэр бүлийн гишүүд дор бүрнээ ая тухтай байдлаа бүрдүүлдэг, нэг нь нөгөөгөөс тусгаарлагдах боломж огт байхгүй. Тиймээс энэ орчин нь хүмүүс нэгэндээ анхаарал тавьж, аливаа асуудлаа ярилцаж, шийдвэрлэхэд эергээр нөлөөлдөг байна гэж судалгаанд онцолсныг Өрнөдийн хэвлэлд нийтэлжээ.