АНУ-ын Зүүн эргийн Бостон хотноо жил бүр болдог вакцины асуудлаарх дээд хэмжээний уулзалтад энэхүү судалгааг танилцуулсан байна. Судалгаанд хамрагдсан эхний бүлэг 12 хүнд нэгэн зэрэг “Ковид-19” болон улирлын томууны вакцин тарьсан байна. Харин хоёр дахь бүлгийн 30 хүнийг нэг сарын хугацаанд хоёр төрлийн вакциныг өөр өөр өдрүүдэд тарьжээ. Дараа нь эрдэмтэд судалгаанд хамрагдсан хоёр бүлгийн хүмүүсийн эмгэг төрүүлэгч буюу эсрэг биетийг хэмжсэн байна. Судалгаа, шинжилгээний үр дүнд хоёр өөр төрлийн халдварт өвчний вакциныг нэгэн зэрэг тариулсан бүлэг хүмүүсийн иммуноглобулин буюу “Ковид-19” болон томууны омгийг эсэргүүцдэг эсрэг биеийн түвшин өндөр гарчээ.
Жонс Хопкинсийн Их сургуулийн эрдэмтэн Амеш Адалжа үүнийг үнэхээр ховор тохиох, сонирхолтой судалгааны ажил болсныг хэлсэн байна. Тэрээр “Нэгэн зэрэг хоёр өөр төрлийн вакцин тариулснаар дархлааны систем идэвхжиж байгаа нь харагдаж байна. Хамгийн чухал зүйл бол энэ судалгаа нь эмнэл зүйн ач холбогдол, ашиг тустай. Одоо эсрэг биетийн түвшин өндөр байгаа нь халдварт өвчнөөс илүү үр дүнтэй хамгаалж байгаа эсэхийг цаашид ажиглах нь чухал байна” хэмээн тайлбарласан байна.
АНУ-ын халдвар өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс хоёр төрлийн вакциныг ойр ойрхон тариулж болох зөвшөөрлийг олгосон ч нэг өдөрт багтаах нь аюултай эсэхэд баталгаа өгөхөөс татгалзсан байна. Энэ нь вакцины гаж нөлөө хүндэрч болзошгүй хэмээх болгоомжлолоос үүдэлтэй юм байна.