Г.Занданшатар: Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны гишүүд асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байна

Өчигдөр УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан боллоо.  Хуралдаанаар нүүрсний хулгайн асуудлыг хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд түр хорооныхныг ажлаа хийхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд иргэдийн шаардаж байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэж, шуурхай ажиллахыг түр хорооны гишүүдэд анхааруулсан байна.

Өнгөрөгч 2022 онд иргэд нүүрсний хулгайн асуудлыг шийдвэрлэхийг шаардан жагсаал зохион байгуулсан. Ингэснээр УИХ-ын зүгээс хэргийг шийдвэрлэх, асуудалд анхаарах талаар амлалт өгч байсан юм. Өнөөдрийг хүртэл хянан шалгах түр хороо нүүрсний хулгайн хэргийг шийдвэрлэж чадаагүй, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулаагүй, шүүх хурал болсон ч хэд хэдэн удаа хойшилсон гэх асуудалд УИХ-ын зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан юм.

УИХ-ын гишүүн асан Х.Нямбаатар хотын дарга болсонтой холбоотойгоор хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Ингэснээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг  түр хорооны гишүүнээр томилсон юм.

Ийнхүү хяналт шалгалтын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн  65,2 хувийн саналаар  дэмжиж тогтоолын төсөл батлагдсан юм.