“Ирээдүйн өв” сангийн тухай хууль 2016 онд батлагдсанаар 2017 оноос тус сан нь хуримтлалаа төвлөрүүлж эхэлжээ. Уг хуульд 2030 он хүртэл тус сангийн хуримтлалаас ямар нэгэн байдлаар зарцуулалт хийх ёсгүй гэж тусгасан байдаг ч өнгөрсөн онд хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгөний хуримтлалд зарцуулсан байна. Үүнтэй холбоотой зарим тоо баримт хүргэе:
- Өнгөрөгч 2022 онд тус сангаас 1.4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулсан байна.
- Тэгвэл 2022 оны жилийн эцсийн байдлаар “Ирээдүйн өв” сангийн хуримтлал 2.6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй болсон байжээ.
- Монгол улсын ирээдүй хойчдоо зориулсан хадгаламжид одоогоор 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болоод байна.
- Энэ оны эцэс гэхэд ирээдүйн өв сангийн хуримтлалыг 3.2 их наяд төгрөгт хүргэх бол 2024 онд 4.5 их наяд төгрөгт хүргэх тооцоололтой байгаа талаар Сангийн яамнаас мэдээлж байна.
Төсвийн хуулийг дагалдуулж “Ирээдүйн өв” сангийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байгаа. “Ирээдүйн өв” сан нь эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг ирээдүйд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд оршдог. Мөн 2075 онд 231 тэрбум төгрөгийг тус санд хуримтлуулна гэсэн зорилготой боловч “Ирээдүйн өв” сангийн хуульд өөрчлөлт оруулж, анх тавьсан зорилгодоо хүрэхгүй байх магадлалтай гэдгийг эдийн засагчид хэлж байна.
2025 онд “Ирээдүйн өв” санг тусгаарлана гэж байсан боловч эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа учраас тус санг тусгаарлах хугацааг 1 жилээр нааш татаж, 2024 оноос эхлэн төрийн сангаас тусгаарлахаар болжээ. Мөн хуримтлалыг хадгалахдаа найдвартай, эрсдэлгүйгээр зохицуулалтыг хийж өгнө. Ингэхдээ 2030 он хүртэл зардал гаргах боломжгүй байхаар хуулийн төсөлд тусгана гэдгийг Сангийн сайд хэлж байсан юм.
“Ирээдүйн өв” сангийн тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулсан байдаг. Мөн 2024 оны төсвийн тухай хуультай холбогдуулан ахин шинэчлэх гэж байна. Үүнээс гадна төсвийн тогтворжуулалтын сангийн хуулийг баталснаас хойш нийт 12 удаа өөрчилсөн байдаг.