Их эзэн Чингис хааны дүр төрхийг синематик 3D анимейшн зураглалаар бодит мэт бүтээж, түүний мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас Их Монгол улсыг байгуулах хүртэлх 44 жилийн түүхэн үйл явдлыг харуулах энэ өрөө бол Монголын анхны музейн виртуал өрөө.
15 минутын турш үргэлжлэх анимейшнээр дамжуулж үзэгчдэд бодит мэдрэмжийг төрүүлэхийн тулд өрөөг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиор тохижуулжээ. Өрөөний дэлгэц нь стандарт дүрслэлийг 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршлаар дүрслэлийг хүргэдэг, долби 7.1 дуугаралтын системтэй, шал нь дүрс ойлгогч сайтай учраас үзэгч шууд газар сууж үзсэнээр илүү бодит мэдрэмж авах боломжтой байна.
Виртуал өрөө 11 сарын 14-нд нээгдэж, ердөө 2 хоногийн хугацаанд 420 үзэгч үйлчлүүлсэн байна. “Чингис хаан” үндэсний музей үзүүлэнгийн 7 танхимтай бөгөөд 8 дахь танхим нь болж энэхүү виртуал өрөө нээгджээ. Тиймээс нэмэлт хураамжгүй, насны хязгааргүйгээр музейн тасалбартай хүн бүр өрөөгөөр үйлчлүүлэх боломжтой. Цаашид тус өрөөг илүү тохижуулж цас, бороо, салхи мэдрүүлэх систем суурилуулахаар төлөвлөжээ.