Өнгөрөгч Баасан гаргийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар хэлэлцжээ. Эрх баригч намын зүгээс авлигын эсрэг хийж, хэрэгжүүлж буй ажлууд үр дүнд хүрч байгааг онцоллоо. Харин АН-ын зүгээс эсрэг байр суурьтай байсан юм.
Манай улсад олон улсын байгууллагаас авлигын талаарх судалгааг хийжээ. Уг судалгаагаар эрдэс баялгийн буюу ашигт малтмал, газрын тосны салбар нь авлигад өртдөгөөрөө хамгийн өндөр үзүүлэлтэй гарчээ. Сүүлийн жилүүдэд авлигын индексийн оноо буурч байгаа авлигатай тэмцэх үйл ажиллагаанууд үр дүнд хүрч байгааг Хууль Зүйн сайд Б.Энхбаяр танилцуулсан юм. Мөн цаашид авлигатай тэмцэх асуудалтай холбоотой хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулж батлах шаардлагатай байна гэсэн байна.
Авлигатай тэмцэх асуудлаар Ардчилсан намын төлөөллүүд байр сууриа илэрхийлсэн юм. Манай улс 2014 онд авлигын индексийн үзүүлэлтээр 39 оноотой буюу бусад улс оронтой харьцуулахад 79 р байранд бичигдэж байжээ. Тэгвэл сүүлийн 8 жилийн 40 орчим байраар ухарсан нь авлига ихэссэн гэж үзэж байна.
Авлигын гэмт хэрэг өмнөх оноос 20.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг авлигатай тэмцэх газраас мэдээлсэн. Авлигатай тэмцэх гол арга зам нь төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, авлига авсан төрийн алба хаагчдад ялын бодлогыг чангатгах зэрэг арга хэмжээг авах шаардлагатайг ажлын хэсгийн төлөөллүүд хэлж байсан юм.