Нүхэн жорлонгоос шалтгаалж хөрсний бохирдол үүсэж үүнийг дагаж иргэдийн дунд цусан суулга өвчлөлийн тоо ч нэмэгджээ

Манай улсад агаарын бохирдолтой ижил ус, хөрсний бохирдол үндэсний хэмжээний асуудал болж байна. Тэгвэл хөрс, усны бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэр нь стандартын бус модон жорлон юм. Улаанбаатар хотод гэхэд л 144 мянга гаруй нүхэн жорлон байна. Эдгээр шаардлага хангаагүй жорлонгийн асуудлыг бүрэн шийдэхэд 3.8 их наяд төгрөг шаардлагатай юм байна.

  • Улаанбаатар хотын хэмжээнд 144 мянга гаруй нүхэн жорлон байна. Эдгээр стандартын бус жорлонгоос шалтгаалж хөрсний бохирдол үүсэж үүнийг дагаж иргэдийн дунд цусан суулга өвчлөлийн тоо  нэмэгджээ.
  • Нийслэлийн хэмжээнд хөрсний шинжилгээ хийхэд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын бүсийн 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ.
  • Нүхэн жорлонгийн ялгадас хөрсөнд нэвчиж хөрсний бохирдол үүсгэхээс гадна газрын доорх гүний усыг бохирдуулдаг. Нийслэлийн хэмжээнд гандан, дөлгөөн нуур, 32 тойрог орчмын гэр хорооллын хөрс ялгадсаар бохирдож, доошоо нэвчсэн байдалтай байна.
  • Судалгаагаар нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдсон ус, хөрснөөс үүдэж дэлхийд нэг жилд 800 мянга гаруй хүн амь эрсэддэг байна.

Улс орон бүр стандартын бус нүхэн жорлонгийн асуудлаа шийдэхдээ нэгдсэн менежментээр өөрийн улс орны онцлогтой уялдуулан арга хэмжээг авч ажилсан байдаг. Жишээлбэл, БНХАУ гэхэд л нойтон жорлон буюу эргэлтийн усаар ялгадсаа урсгадаг арга технологийг ашигладаг байна. Харин манай улсын хувьд гэр хорооллын түвшин өндөр, эрс тэс уур амьсгалтай зэрэг шалтгаанаас үүдэж ус бага хэрэглэдэг эсвэл эргэлтийн усыг ашигладаг хуурай технологийн шийдэл байх нь илүү тохиромжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Нүхэн жорлонгийн асуудлыг шийдэх хамгийн эхний алхам бол иргэд ялгадас болон хэрэглээнээс гарсан бохир усны байгууламжийг өөр өөр газар байршуулах юм байна. Өөрөөр хэлбэл, зориулалтын жорлонгийн нэг шийдэл нь бактерийн аргаар ялгадсыг задлах юм. Гэтэл иргэд бохир усаа жорлон руугаа хийж байгаа нь эргээд энэ технологи ажиллахгүй байх нөхцөл байдлыг үүсгэдэг байна. Эдгээрээс харахад нүхэн жорлонг шийдэх янз бүрийн технологи манай улсад нэвтэрсэн байгаа ч яг аль шийдлээр, ямар зохион байгуулалттайгаар ажиллах нь тодорхой бус байгаагаас шалтгаалж өнөөг хүртэл жорлонгийн асуудал шийдэгдэхгүй хэвээр байна.

Хүний бие засах нөхцөл хэчнээн чухал болохыг, тэндээс үүдэх хор уршиг ямар аюултайг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч улс орон бүр стандартын ариун цэврийг байгууламжийг нэвтрүүлж асуудлаа шийдсэн. Харин манай улс шаардлага хангаагүй нүхэн жорлонгийн асуудал өнөөдөр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн байгаа гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байсан юм.