Улсын хэмжээнд өрнөж байгаа “Соёлын бүтээлч сар” нь иргэдэд соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна урлаг, соёлын байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах, тэднийг дэмжих зорилготой үйл ажиллагаа байна
Улсын хэмжээнд өрнөж байгаа “Соёлын бүтээлч сар” нь иргэдэд соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна урлаг, соёлын байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах, тэднийг дэмжих зорилготой үйл ажиллагаа байна. Тэгвэл өчигдөр Төрийн болон хувийн музей, галерейн ажилтнуудад нишингэ болон цаасан сүлжмэлийн сургалтыг Соёлын яамнаас санаачлан зохион байгууллаа.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа музей, галерейн ажилтнууд өдөр бүр байгууллагын үйл ажиллагаагаараа дамжуулан үзэгчдэд соёлын боловсролыг олгож байдаг. Гэсэн ч тэд өөрсдөө ажлын цагаасаа шалтгаалан ямар нэгэн сургалт, хөтөлбөрт хамрагдах нь ховор байдаг байна. Тиймээс Соёлын бүтээлч сараар зохион байгуулагдаж буй нишингэ болон цаасан сүлжмэлийн сургалт нь үр ашигтай байгааг онцолж байна. Мөн тэд өөрсдийн сурсан арга барилаа музейн боловсролын хөтөлбөрөөрөө дамжуулан үзэгчдэд зааж, сургах бүтээлч шинэ боломж үүсэж байгааг хэлсэн юм.

Нишингэн урлал нь манай улсад нэвтрээд удаагүй байгаа бөгөөд нишингэ гэдэг нь ургамал юм. Нишингэ болон хаягдал цаасаар боловсруулсан тусгай нарийн зүйлээр байгальд хурдан шингэдэг эко бүтээгдэхүүн урлах арга барил нь стрессийг давхар бууруулдаг байна. Мөн цаашлаад соёлын гол түгээгч болсон музей, ажилтнуудаар дамжуулан хэрэглээний сагс, бүтээгдэхүүнийг өөрсдөө урлах аргыг олон нийтэд хүргэх зорилготой байна.

Тус сургалтад Төрийн өмчит болон хувийн музей, галерейн 30 гаруй ажилтан хамрагдлаа. Тэд цаашид үйл ажиллагаа болон соёлын боловсрол олгох хөтөлбөртөө шинэ арга барил оруулахаа илэрхийлж байсан юм.