ЕБС-ийн боловсролын хөтөлбөрт тусгагдсан соёлын хичээлийг заах боловсон хүчин дутмаг байна
Монгол улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх асуудал тусгагдсан. Тэр дундаа ирээдүйн боловсон хүчин болох хүүхэд, залуусын соёлын боловсролд чухал ач холбогдол өгөх ёстойг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Тэгвэл өчигдөр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын бүтээлч сараар “Хүүхэд, залуусын соёлын боловсрол” их семинар зохион байгуулагдлаа.

Засгийн газар, Соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлогуудын гол цөм нь бүтээлч үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, цаашлаад Монгол өв соёлыг бүтээлч байдлаар хөгжүүлэн авч явах, үндэсний дархлаа тогтоох асуудал байна. Юнескогийн 2030 хөтөлбөрт ч тогтвортой хөгжлийн суурь үндэс нь “Соёлын өв” гэж заажээ. Тиймээс эрчимтэй даяаршиж байгаа энэ үед улс орнууд соёлын ямар байдлаар ондооших талаар нарийн судалж, өв соёлоо сэргээж, сурталчлах, дархлаагаа тогтоохыг эрмэлзэж байгааг эдгээр баримтаас харж болохоор байна.

Хүүхэд залууст соёлын боловсрол олгох асуудал нь өргөн хамардаг учраас семинарт эцэг эхийн төлөөлөл, бүх шатны боловсролын байгууллага, судлаач эрдэмтэд зэрэг олон талын оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлжээ. Тухайлбал СУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан А.Энхзаяа сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд соёлын боловсролыг хэрхэн олж авч байгаа талаар судалгаа хийж танилцууллаа. Үр дүнд нь гэр бүл бол анхдагч соёлын боловсрол олгох хүчин зүйл учир эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ойр байх шаардлагатайг онцолж байлаа.

Мөн албан боловсролын орчин буюу ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт соёлын боловсрол олгох боловсон хүчин хангалтгүй байгааг оролцогчид илэрхийллээ. Жишээлбэл 1-12-р ангид иргэний ёс зүй гэсэн хичээл ордог ч тус хичээлийг нийгмийн ухааны багш заадаг байна.

Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын яам, СУИС-ийн Соёлын сургуулиас хамтран зохион байгуулж байгаа “Хүүхдийн залуусын соёлын боловсрол” их семинарын үр дүнд оролцогчдын гаргасан санал, санаачилгуудыг цаашид бодлогын баримт бичигт тусгаж, холбогдох зөвлөмжүүдийг гаргахаар төлөвлөжээ.