Монгол улс хоёр мянган жилийн тэртээх түүх соёлын олон зуун эд өлгийн зүйлсээ эгүүлэн эх орондоо авчрах хүчин чармайлтад нь дэмжлэг үзүүлэхийг ОХУ, Их Британи тэргүүтэй улс орнуудад уриалсан байна

Монгол улс хоёр мянган жилийн тэртээх түүх соёлын олон зуун эд өлгийн зүйлсээ эгүүлэн эх орондоо авчрах хүчин чармайлтад нь дэмжлэг үзүүлэхийг ОХУ, Их Британи тэргүүтэй улс орнуудад уриалсан байна. Эд өлгийн гол зүйлсийн нэг болох Богд Хаант Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайд сайн Ноён Хан Намнансүрэнгийн Манжийн хаант улсаас тусгаарлагдаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан гэдгийг илтгэх ил захидал өдгөө Лондон хотын Британийн номын санд хадгалагдаж байгааг Монголын Засгийн газрын дээрх уриалгад дурджээ.

Түүнчлэн МУ-ын түүхэн эд өлгийн гол зүйлсийн тоонд 13, 14-р зууны үед хэд хэдэн Монгол ноёдын өргөөнд ажиллаж байсан Персийн Төрийн зүтгэлтэн Рашид Ад-Динтэй холбоотой эд өлгийн зүйлс өдгөө эдинбургийн музейд хадгалагдаж байгаа юм байна.

Түүхэн цаг хугацааны явцад Европын эзэнт гүрний колони, хамжлагад байсан улс орнууд, үндэстэн, угсаатнууд олон жилийн өмнө алдсан эд өлгийн зүйлсээ эгүүлэн авах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлдэг ч эдгээр олдворууд нь өдгөө музейд хадгалагдаж байгаа тул эгүүлэн өгөх боломжгүй гэдэг хариуг өгдөг байна. Гэвч Монгол улс түүх, соёлын эд өлгийн зүйлсээ буцааж авах тал дээр тодорхой ахиц дэвшил гаргасан гэж үздэг. Энэ оны эхээр АНУ-ын холбогдох алба Монгол улсаас алдагдсан үлэг гүрвэлийн яс, тэр дундаа 70 сая жилийн өмнө амьдарч байсан Тиранозавр Батаарын жижиг хувилбар болох Алиорамусын гавлын ясыг буцааж өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д болсон “Ноён уул 100 жилийн туршид” хэмээх эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол улсын Соёлын сайд Ч.Номин одоогоос 100 жилийн өмнө судалгаа, сэргээн засварлах зорилгоор ОХУ-д илгээсэн эд зүйлс, тэр дундаа 1920-иод онд эрдэмтэн судлаач Петр Козлов тэргүүтэй археологичдын ноён уулын археологийн малтлагын үеэр олсон 2000 жилийн тэртээх хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйлс, дурсгалуудаа буцаан авах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. 

МУ-ын Соёлын сайд "Монгол улсын санаачилсан энэхүү чухал ажил хэрэгт үргэлж дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн улс орнуудад талархлаа илэрхийлж байна. Цаашид олон улсын түншүүдтэйгээ харилцан хүндэтгэлтэйгээр энэхүү чухал санаачилгад хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн хэлсэн байна.