2028 он гэхэд Амгалангаас Яармагийн дэнж хүртэлх 22,3 км зайд метро ашиглалтад оруулна
Нийслэлд газар доорх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэрийг анх удаа Засгийн газрын түвшинд гаргажээ. Амгалангаас Яармагийн дэнж хүртэлх 22,3 км зайд метроны зам барихаар төлөвлөсөн бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвөөс гаргахаар болсон байна.

2024 онд нийслэлд гурван шугам бүхий метроны төсөл эхлүүлнэ гэж өнгөрөгч аравдугаар сарын 29-ны өдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлж байсан. Тэгвэл нийслэлийн иргэдийг метрогоор зорчуулж, түгжрэлийг бууруулах асуудал сүүлийн 10 гаруй жилд, гурван ч хотын даргын үед яригдаж байна.

2013 онд тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл нийслэлд метро барина хэмээн мэдэгдэж олон улсын “Жайка” байгууллага судалгаа, техник эдийн засгийн үзүүлэлтийг /ТЭЗҮ/ хийж байсан. Тус метро нь Энхтайваны өргөн чөлөөний дагуу зүүн 4 замаас баруун 4 зам хүртэлх 17.7 км урттайгаар газар доогуур болон гүүрэн хэлбэртэй байхаар төлөвлөж байжээ. Нийт 1,5 тэрбум төгрөг шаардлагатай 2020 онд ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж 2013 оны 5 сарын 17-ны өдөр засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар метро төсөл”-ийн судалгааны эцсийн тайланг Монгол улсын ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, ерөнхий сайдад тус тус өргөн барьж байсан. Улмаар нэг сарын дараа буюу 2013 оны 6-р сарын 11-ны өдөр метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол болж байлаа. Гэсэн ч 2016 онд бат-үүл хотын даргын суудлаас буухад метроны асуудал сонины гарчигт л үлдсэн.

Харин 2022 оны 8 сард манай улс анх удаа түгжрэлийн сайдтай болж, Ж.Сүхбаатар томилогдсон. Тэрээр метро бол нийтийн тээврийн дараагийн үе шат, тиймээс хотын дарга Сумъяабазартай хамтран метро барина гэж мэдэгдсэн юм. Ингэхдээ Э.Бат-Үүл даргын үед буюу 10 жилийн өмнө хийгдсэн ТЭЗҮ нь шаардлага хангахгүй учраас БНСУ-ын буцалтгүй тусламжаар дахин метро барих ТЭЗҮ-ийг хийлгэхээр судалж байгааг 2023 оны 8-р сарын 29-ны өдөр олон нийтэд мэдээлж байлаа.

Улмаар 9-р сарын 19-ны өдөр хотын дарга асан Сумъяабазар нийслэлд 1.5 орчим тэрбум ам.доллароор метроны эхний шугамыг байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэж байсан.

Тэгвэл өчигдөр хотын дарга Х.Нямбаатар болон түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан нар метроны төслийг үргэлжлүүлэхээр болж, засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Тэгвэл нийслэлд метро барих асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа учраас иргэд төдийлөн итгэлгүй байгаа ч хүлээлт өндөр байна.

ТЭЗҮ гарсны дараагаар 2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлаж дараа, дараагийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөг гаргасан байна. Харин 2028 он гэхэд нийслэлд метрог бүрэн ашиглалтад оруулна гэж мэдэгдлээ.