Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ихэнх хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг нь тогтоогдсон байдаг. 2022 оны байдлаар бэлгийн хүчирхийлэлд 350 гаруй хүүхэд өртсөн бөгөөд тэдгээрийн 70 орчим хувь нь гэр бүл, ураг төрлийн хүрээнд хүчирхийлэлд өртжээ. Тиймээс эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үр дүнд гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан шүүхтэй болох гэж байна. Мөн үүнээс гадна хүүхэд хамгааллын төсвийг ч нэмэгдүүлсэн байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өнгөрсөн жил 3 настай хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, тусламж үйлчилгээ авч байжээ. Хэргийг тодруулбал, авга ах нь бэлгийн сэдэлтэйгээр 3 настай охинтой зүй бусаар харьцсан байна. Үүнээс шалтгаалж охин чимээ гарахад амархан цочих, айх, уйлж уцаартай болох зэрэг шинж тэмдэг илэрч сэтгэлзүйн хувьд тогтворгүй байсанд арга хэмжээ авч ажиллажээ.
Өнгөрсөн 10-р сард Дорноговь аймагт 12 настай охинд бэлгийн хүчирхийлэл үзүүлж амь насыг нь хохироосон байдаг. Тус хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг магадлангаар буюу тэнсэнгээр суллахгүй байх мөн ялыг хүндрүүлж оногдуулна гэж баталжээ.
Манай улс хүүхэд хамгаалал руу чиглэсэн хууль эрх зүйн орчныг өөрчилж чангатгасан. Үүнээс гадна тусгайлан чиглэсэн шүүх байгууллагатай болох гэж байна. Тодруулбал, нийслэл хотод гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах төслийг УИХ-д өргөн барилаа. Тус шүүхийн үйл ажиллагааг 2026 оны 1-р сарын 1-ээс явуулах саналыг хууль зүйн сайд дэвшүүлжээ.
Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр өмнөх онуудад ихэвчлэн 8 тэрбум орчим төгрөгийг төсөвлөдөг байсан. Тэгвэл ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын төсвийг тэлж 14 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ төсөв нь хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх чиглэл рүү илүүтэйгээр арга хэмжээг авч ажиллах төсөв гэдгийг салбарынхан тодотгон хэлж байна.