Даваа гарагт Италийн улсын түүхэн дэх томоохон шүүх хурлын нэг болж 230 гаруй мафийн гишүүнд тохирсон ялыг нь оногдууллаа гэж хуулийн байгууллагаас нь мэдээлжээ
Даваа гарагт Италийн улсын түүхэн дэх томоохон шүүх хурлын нэг болж 230 гаруй мафийн гишүүнд тохирсон ялыг нь оногдууллаа гэж хуулийн байгууллагаас нь мэдээлжээ. Италийн цагдаа, прокурорууд хамтран өмнөд Калабриа мужид байрладаг гэмт бүлэглэлүүдийг онилон ажиллагаа явуулж, 330 орчим мафийн гишүүн, цагаан захтнуудад хэрэг үүсгэн ял төлөвлөж, гурван жилийн өмнө дээд шүүхэд хүргүүлж байжээ.

Италийн Калабриа мужид байрладаг “Ндрангента” гэмт бүлэглэлийг онилсон тус улсын түүхэн дэх хамгийн том мафийн шүүх хурал өнгөрөгч даваа гарагт өндөрлөж, хуулийн байгууллагаас сэжигтнүүдэд тохирох ялыг нь оногдуулсан байна. 

Бараг гурван жил үргэлжилсэн шүүх хурлаар 330 орчим мафийн гишүүн болон тэдний хамсаатнууд, тэр дундаа цагаан захтнуудад үүсгэсэн бүлэг танхай, хар тамхины наймаа, хулгай зэрэг олон төрлийн хэргийг дэнсэлсэн байна. 

Даваа гарагт орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүгчид шийдвэрээ уншихад ердөө нэг цаг 40 минут зарцуулсныг уламжилжээ. Хамгийн хүнд шийтгэлийг Калабриа мужийн мафийн толгойлогч Саверио Разонале, Доменико Бонавота нарт оногдуулсан бөгөөд тэд 30 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна. Мафийн гишүүдийн үйлдсэн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн Италийн нэрд гарсан прокурор Никола Граттери "Өнөөдрийн шийдвэр нь Итали улсыг бүхэлд нь гэмт хэргийн толгойлогчдоос чөлөөлсөн гэж ойлгож болно” хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.

Олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл бол ял шийтгэгдсэн хүмүүсийн дунд хуульч, Үндэсний эрх баригч эвслийн гишүүн Форза Италиа намын улстөрч Жанкарло Питтелли байгаа төдийгүй тэд  мафийн бүлэглэлүүдтэй тохиролцож, мэдээлэл дамжуулсан хэргээр 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Үүнээс гадна мафийн гишүүдийн хэрээс хэтэрсэн догшин авир, гэмт үйлдлийг өнгөрсөн хугацаанд нуун дарагдуулж байсан Калабриа мужийн цагдаагийн дарга асан Жоржио Населлид гурван жилийн хорих ял оногдуулсан байна.

Гэхдээ прокурорууд зарим хүн амины хэрэг, хулгай, дээрмийн хэргүүдийн нотлох баримт хангалтгүй байсан тул 100 гаруй мафийн гишүүд ялаас чөлөөлөгдсөнийг онцолсон байна.