Ч.Хишигбаатар нь Монголын төмөр замд анхны хүнд жинтэй болон урт цувааны галт тэргийг хөдөлгөж байжээ

85 жилийн түүхтэй Монголын төмөр замын түүхэн хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан үе үеийн машинчид үүргээ нэр төртэй биелүүлж гавьяаны амралтдаа гардаг. Тэдний нэг болох Ч.Хишигбаатар Улаанбаатар төмөр замд 35 жил ажиллажээ. Ажлын гараагаа туслах машинчаар эхлүүлж, монголын төмөр замд анхны 120 вагоноос бүрдсэн 1700 метрийн урттай галт тэргүүдийг хөдөлгөж байсан тэрээр илчит тэрэг жолоодох алтан аяллаа хийлээ.

Нэг ээлжид 1000 гаруй зорчигч, 6000 орчим тонн ачааг галт тэргээр тээвэрлэдэг хариуцлагатай ажлыг гүйцэтгэгч нь элчит тэрэгний зүтгүүрийн машинчид. Хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө, хүний алтан амийг хариуцах энэ нэр хүндтэй ажилд 35 жил зүтгэсэн энэ хүн бол хүндэт төмөр замчин, нэгдүгээр зэрэгтэй машинч Чинбатын Хишигбаатар.

Ажлын гараагаа туслах машинчаар эхэлж байсан Ч.Хишигбаатар, зааварлагч машинч, орлогч дарга зэрэг албан тушаалуудыг хашиж иржээ. Мөн Монголын төмөр замд анхны хүнд жинтэй болон урт цувааны галт тэргүүдийг хөдөлгөж түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан байна.

1988 онд анх элчит тэрэгний жолоочийн кабинд хөл тавьж байсан Ч.Хишигбаатар 35 жилийн дараа үе үеийн машинч нарын нэрэмжит галт тэргээр гавьяаны амралтдаа гарах алтан аяллаа гүйцэтгэж, хамт олон нь хүндэтгэл үзүүллээ.

“Машинчийн кабины цонхоор эх орны минь наран ургах, жаргах нь хамгийн сайхан харагддаг” гэж хэлээд санаа алдах энэ эрхэм гавьяаны амралтдаа гарч байгаа ч өөрийн хүүгээ монголын төмөр замын чадварлаг боловсон хүчнийг болгож бэлджээ.

Ч.Хишигбаатарын гэр бүл гурван үеэрээ монголын төмөр замд хөдөлмөрлөжээ. Түүний аав Чинбат Монголын төмөр замд машинчаар ажиллаж хүүдээ ажлаа хүлээлгэн өгч байсан бол өдгөө машинч Хишигбаатарын хүү Билэгдэмбэрэл аавынхаа ажлыг ийнхүү залгамжилж байна.