Ниагара хүрхрээ орчимд автомашин дэлбэрч, хоёр хүн амиа алдсан тул АНУ-Канадын хилийн боомтын үйл ажиллагааг түр зогсоожээ

Өнгөрөгч лхагва гарагт Ниагара хүрхрээ дэх Канадыг АНУ-тай холбосон Солонгон гүүрэн дээр автомашин дэлбэрч хоёр зорчигч амиа алдсан тул бүс нутгийн хилийн гурван боомтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Хуулийн байгууллагаас Нью-Йорк мужийн баруун хэсэг болон Онтариогийн Өмнөд хэсгийн хоорондох хилийн боомтуудад хяналт шалгалт эхлүүлсэн байна.

Дээрх дэлбэрэлт нь терроризмын сэдэлтэй эсэхийг сайтар нягталж, шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. 

Мөн Холбооны мөрдөх товчооны терроризмын эсрэг хамтарсан ажлын хэсэг хэргийг мөрдөн шалгаж байгааг Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хочул дуулгасан байна. Тэгвэл АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд уг дэлбэрэлт нь санаатайгаар үйлдэгдсэн байж болзошгүй гэдгийг албаны нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Харин АНУ-ын Гааль, хилийн хамгаалах агентлагийн ажилтнууд болгоомжгүй жолоочийн буруутай үйлдлээс болж осол гарч, улмаар ойр орчимд нь гал ноцсон гэж мэдээлсэн байна.

Үүнээс гадна Холбооны мөрдөх товчооны мэргэжилтнүүд уг хэрэг гэмт хэргийн сэдэлтэй байхыг үгүйсгээгүй ч урьдчилсан нотлох баримтаар ноцтой сэдэл олж тогтоогүй байгааг хэлжээ.

Осол гарсан бүс нутаг нь жуулчид, аялагчдын олноор очдог байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд ийм төрлийн хэрэг гарсан нь аялал жуулчлалын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.