БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль ИБУИНХУ-д айлчилж, III Чарльз Хаанд бараалхан, Риши Сунактай дээд хэмжээний уулзалт хийжээ

Лхагва гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нар дээд хэмжээний уулзалт хийжээ. Хоёр улсын удирдагч батлан хамгаалах, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, өргөжүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зурсан байна. Мөн тэд Даунинг Стрийтийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд үүнд НҮБ-ын Умард Солонгосыг хамруулсан хориг арга хэмжээг хоёр улс дур мэдэн өргөжүүлэх, хамтран хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгох асуудал багтжээ.

Түүнчлэн лхагва гарагт 2 улсын удирдагчид худалдааны шинэ хэлэлцээр байгуулах асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлж, цэвэр, ногоон эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Дээд хэмжээний уулзалтын өөр нэг анхаарал татсан үйл явдал бол Их Британийн ногоон эрчим хүчний томоохон компаниуд болох “Корио Женерейшн” болон “Бипи” компаниуд Өмнөд Солонгост салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө зарлаж, 1.5 тэрбум америк.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна.

Консерватив үзэлтэн Юн Сок Ёль дэлхий нийт томоохон сорилтуудтай нүүр тулаад байгааг онцлоод “Улс төрийн санал зөрөлдөөн”-ийг өөрийн холбоотой түншүүдтэйгээ илүү ойртож дотноссоноор даван туулна гэдгээ цохон тэмдэглэжээ. Мөн тэрбээр 2011 онд БНСУ болон Европын холбооны эрх баригчдын байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх яриа хэлэлцээ эхэлснийг сайшаасан байна.

Харин Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак "Манай хоёр улсын соёл, эдийн засаг, аюулгүй байдлын хэлхээ холбоо, харилцаа урьд өмнө нь хэзээ ч ийм хүчтэй байгаагүй. ирэх он жилүүдэд энэ харилцаа холбоог улам бүр бэхжүүлцгээе” хэмээн уриалжээ.

Хөх ордны тэргүүн Юн Сок Ёль хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумын үеэр Өмнөд Солонгосын экспортын гол бүтээгдэхүүн болох хагас дамжуулагчийн Их Британид хийж байгаа экспортын хэмжээг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн сүлжээний хямралыг гэтэлнэ гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.

Энэ сарын 22-нд Юн Сок Ёль Букингемийн ордонд зочилж, төрийн цайллагад оролцсон бол Өмнөд Солонгос улсыг төлөөлж охидын Black Pink хамтлаг мөн Букингемийн ордонд уригдаж, III Чарльз Хаанаас Британийн эзэнт гүрний хүндэт гишүүний одон гардан авсан байна.