Хөдөө орон нутагт шатахуун тасалдсан гэдгийг иргэд мэдээлж байна

Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед хөдөө орон нутагт шатахуун олдохгүй байгааг иргэд мэдээлж байна. Тухайлбал, Төв, Дорноговь, Булган, Хөвсгөл зэрэг олон аймаг, сумдад бензин, түлшний нөөц тасарсан байна. Гэвч улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн буюу 24-31 хоногийн нөөцтэй байгаа гэж холбогдох албаныхан мэдээлж байна.

Нийслэлийн зарим шатахуун түгээх газруудад бензин олгохгүй байгааг иргэд мэдээлж байна. Мөн хөдөө орон нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул малчид шатахуунаа нөөцлөх шаардлагатай байгааг илэрхийлж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ШТС-уудад хяналт шалгалт хийсэн байна. Тус шалгалтаар ШТС-уудын нөөц нь дуусах үед дахин цэнэглэх түр зуурын хугацаа нь бензин, түлш хомстсон мэт харагдуулдаг гэж дүгнэсэн байна. Мөн одоогоор шатахууны нөөц хэвийн байгаа. Зөвхөн шатахууны хил дээрх татан авалтын тээвэрлэлт болон түгээлт бага зэргийн хоцрогдолтой байгаа гэсэн юм.

Улсын хэмжээнд 11-р сарын 21-ний өдрийн байдлаар нийт 84.000 гаруй тонн шатахууны үлдэгдэлтэй буюу хэвийн нөөцтэй байна гэж албаныхан мэдээлж байна. Тухайлбал, А-80 болоод АИ-92 шатахуун 23 хоногийн, АИ-95 шатахуун 27 хоногийн, харин дизель түлш 19 хоногийн хэвийн нөөцтэй байна.