Монгол эрэгтэйчүүдийн 52 хувь нь 60 нас хүрэлгүй нас бардаг гэсэн тоон судалгаа бий. Мөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс даруй 10 орчим жилээр богиносжээ. Ийнхүү эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалт хол зөрүүтэй байгаа нь эрэгтэйчүүдийн сэтгэл хөдлөлөө гадагш гаргадаггүй, мэдрэмжээ илэрхийлдэггүй байдал, өвчин хүндэрсэн хойно эмнэлэгт ханддагтай холбоотой бол нөгөө талаас манай улсад эрэгтэйчүүдийн эмнэлгийн байгууллага хүртээмжгүй байгаа нь мөн нөлөөлдөг байна.
Эрэгтэй хүүхдийг бага байхаас нь эрэгтэй хүн уйлж болохгүй, эр хүн хатуужилтай байх хэрэгтэй гэх мэтээр сургадаг нь эрэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байх суурь шалтгаан болж байна. Үүнээс үүдэж сэтгэлзүйн асуудалд орох цаашлаад эрүүл мэндэд нь ч сөргөөр нөлөөлж байна.
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх нь сул байдаг гэсэн судалгаа бий. Угтаа бол уурласан баярласан, бахадсан гээд мэдрэмжүүдээ зөвөөр илэрхийлэх нь сэтгэлзүйн хувьд эрүүл байх хүчин зүйлсийн нэг юм. Мөн эрэгтэйчүүд сүүлийн жилүүдэд сэтгэл зүйчид хандах нь харьцангуй нэмэгдэж байгааг сэтгэл зүйчид мэдээлж байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 1992 онд 4 жил байсан бол 2018 онд 10 орчим жил болсон байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд дунджаар 66 насалж байна. Мөн дундаж наслалтын зөрүү их байгаа 15 орны 8 нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан социалист улс орнууд байгаа юм. Түүнчлэн нийт эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй хүмүүсийг хүйсээр нь ангилан харвал 32 хувь эрэгтэй, 68 хувь нь эмэгтэй хүн байна. Тиймээс эцэг эхчүүд ялангуяа эрэгтэй хүүхдээ сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлж сургахад анхаарах хэрэгтэй юм.
Мөн эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Улсын эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн тасаг сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгдэж багаа хэдий ч одоогоор улсын хэмжээнд нийт 4 эрэгтэйчүүдийн кабинет ажиллаж байна. Харин эрэгтэйчүүдийн хувийн эмнэлэг нийтдээ 5 байгаа юм. Үүнээс гадна шаардлагатай үзлэгийн тоног төхөөрөмж болон эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмч дутмаг байна.