Жилийн 4 улиралтай Монголчууд хүйтний улирлын хувцас хэрэглэлд багагүй мөнгө зарцуулах шаардлагатай байдаг. Энэ жил өвлийн хувцасны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад төдийлөн нэмэгдээгүй хэдий ч иргэдийн худалдан авах чадвар муу байна гэж худалдаачид мэдээлж байна.
Манай улс эрс тэс уур амьсгалтай тул иргэд 4 улирлын турш хувцас хэрэглэлд ихээхэн мөнгө зарцуулах зайлшгүй шаардлага тулгардаг. Тэгвэл Монголчуудын бараг тэн хагас нь “Нарантуул” болон бусад худалдааны төвүүдээс өвлийн хувцас хэрэглэлээ худалдан авч байна. Энэ жил “Нарантуул” зах дээр өвлийн дулаан куртик 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол гутал 180 мянга, зузаан дотуур өмд 22 мянга, малгай ороолт 30 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Үүнээс харахад нэг хүний өвлийн иж бүрэн гадуур хувцас бэлдэхэд 380-400 мянган төгрөг зарцуулагдаж байна. Гэвч иргэдийн худалдан авах чадвар өнөө ч тааруу байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна. Зөвхөн цалин, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө буусан үед л иргэд ирж худалдан авалт хийж, бусад үед худалдан авагч барагтаа л байдаггүй байна.
Нөхөр нь 1 сая 500 мянган төгрөгийн цалинтай харин эхнэр нь гэртээ 2 хүүхдээ асардаг гэр бүлийн жишээн дээр өвлийн хувцасны зардлыг авч үзэхэд тухайн гэр бүл нэг өвөл нэг куртикийг дунджаар 300 мянган төгрөг гэж бодож 4 хүнд авахад нийтдээ 1 сая 200 мянган төгрөг зарлагдахаар байгаа юм. Бусад гутал, өмд, малгай ороолтыг оруулж тооцвол сардаа 1 сая 500 мянган төгрөгийн орлоготой, 4 ам бүлтэй айлд өвлийн хувцас, хэрэглээний зардал орлогоосоо давж, хаана ч хүрэхээргүй байгаа юм.
Худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулахад эрэлт нийлүүлэлт мөн иргэдийн худалдан авах чадвар нэн чухал байдаг. “Нарантуул” захын худалдаа эрхлэгчдийн хувьд барааны нийлүүлэлт нь хэвийн байгаа ч иргэдийн худалдан авах чадвар нь цар тахлын үеийнхээс муу байгаа юм байна. Энэ нь иргэдийн амьжиргаа хэт доогуур түвшинд хүрсэнтэй холбоотой гэж худалдаа эрхлэгчид үзэж байна.