Хамас бүлэглэлийн барьцаанд буй Израилын иргэдийн гэр бүл Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн гэрийн ойр орчимд 5 хоногийн турш жагсана

Хамас зэвсэгт бүлэглэлийн барьцаанд байгаа Израил улсын иргэдийн ар гэрийнхэн Тель-Авив хотоос нийслэл Йерусалимыг чиглэсэн таван өдрийн жагсаалаа мягмар гарагт эхлүүлжээ. Тэд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн оршин суудаг гэр хүртэл жагсаж, барьцааны хүмүүсийг суллахын тулд илүү үр дүнтэй шийдвэр гаргах шахалтыг Засгийн газартаа үзүүлэх зорилгоор нэгджээ.

Өнгөрсөн 10-р сарын 7-ны өдөр Хамас зэвсэгт бүлэглэлийн гишүүд Израилын Өмнөд бүс нутагт үйлдсэн халдлагынхаа үеэр 240 орчим хүнийг барьцаалсан юм. Олзлогдсон хүмүүсийн дунд есөн сартай нярай хүүхдээс эхлээд 85 хүртэлх насны ахмадууд байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Олзлогдогсод газын зурвасын гүн дэх Хамас бүлэглэлийн нууц байгууламж, хонгилд хоригдож байгаа гэж Израилын эрх баригчид үзэж байгаа юм. Олзлогдсодын ар гэрийнхэн Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху цэргийн алба хаагчдаа газын зурвасын гүн рүү илгээж, Хамас бүлэглэлийг устган, барьцааны хүмүүсийг яаралтай суллах ёстой гэж үзэж байна.

Өнгөрөгч даваа гарагт Хамас зэвсэгт байгууллагын удирдах албан тушаалтан дайсагнагч талууд 5 хоногийн эвлэрэлийн гэрээ байгуулж, энэ хугацаанд 70 хүртэлх тооны эмэгтэйчүүд, хүүхдүүдийг багтаасан барьцааны хүмүүсийг суллах бол хариуд нь израилын шоронд хоригдож байгаа 270 гаруй Палестин хоригдлыг чөлөөлөх санал тавьжээ.

Мөргөлдөөн эхэлсний дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху барьцааны хүмүүсийг чөлөөлсөн тохиолдолд гал зогсоох боломжтой талаар ам нээж байсан бол өдгөө ийм санаачилгыг няцааж Хамас байгууллагыг устгах хүртлээ тулааныг үргэлжлүүнэ гэдгээ удаа дараа мэдэгдээд байна. Мөн тэрбээр энхийн гэрээ хэлэлцээр байгуулахын тулд Хамас-т цэргийн шахалт үзүүлэх нь хамгийн оновчтой арга гэдгийг ч онцлоод байна.

Израилын агаарын довтолгооны уршгаар 11 мянга гаруй хүн амиа алдсаны бараг тал хувь нь хүүхдүүд байна.