БНХАУ-ын хууль тогтоогчид хүүхдийн уушгины хатгалгааны кластер буюу багц тархалтын бүлэгт
Өнгөрөгч лхагва гарагт ДЭМБ-аас Хятад улсын хойд бүс нутагт учир битүүлэг уушгины хатгалгаа хүүхдүүдийн дунд голомтлон тархаж байгаа тухай мэдээлж, албан  ёсны датаа өгөгдлийг дамжуулахыг тус улсын эрх баригчдаас хүссэн юм. Харин БНХАУ-ын хууль тогтоогчид хүүхдийн уушгины хатгалгааны кластер буюу багц тархалтын бүлэгт "Ер бусын эсвэл шинэ эмгэг төрүүлэгч" огт бүртгэгдээгүй хэмээн хариу мэдэгджээ.

БНХАУ-д амьсгалын замын цомчог халдвар, уушгины хатгалгааны эмгэг төрүүлэгч нь тодорхойгүй халдвар, кластер тархалт бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээлж, өвчлөлийн тухай нарийн ширийн дата өгөгдлийг дамжуулахыг Бээжингийн талаас хүссэн байна. Харин БНХАУ-ын хууль тогтоогчид "Ер бусын эсвэл шинэ эмгэг төрүүлэгч" огт бүртгэгдээгүй гэдгийг хариу мэдэгджээ. Түүнчлэн амьсгалын замын халдварт өвчний нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа төдийгүй аюул, түгшүүр авчрах эрсдэл огт байхгүй гэдгийг онцолсон байна. Бээжингийн зүгээс ханиад, томуу төст өвчний халдварын тархалт нэмэгдэж байгааг цар тахлын хязгаарлалтыг цуцалсантай холбон тайлбарласан байна. Хятад улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ард иргэдээ томууны болон “Ковид-19”-ийн вакцинд хамрагдаж, томууны улирал үргэлжилж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтаа үргэлжлүүлэн зүүхийг уриалсан байна.

ОУ-ын халдварт өвчинд хяналт тавих, тандалт судалгааны байгууллагын мэргэжилтэн, судлаачид Хятадын хойд бүс нутагт урьд өмнө нь оношлогдож байгаагүй уушгины хатгалгааны кластер тархалт хүүхдүүдийн дунд бүртгэгдсэнийг анх мэдээлсний дараагаар ДЭМБ-аас мэдээлэл авах хүсэлт гаргасан байна. Тэгвэл орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн өдрүүдэд хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, сул ор олдохгүй байгаа тухай мэдээлжээ.

Уушгины хатгалгаа гэдэг нь уушгин дахь халдвар, үрэвслийг тодорхойлоход хэрэглэгддэг эмнэлгийн ерөнхий нэршил юм. Энэ нь олон төрөл зүйлийн вирус, бактери, мөөгөнцрөөс үүдэлтэй байж болдог ажээ. Үүнээс гадна ДЭМБ аливаа улс орнуудаас өвчний кластерийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсдэг нь ердийн зүйл биш. Тэд уг ажлаа өдөр бүр хийдэг. Гэхдээ нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ олон нийтэд зарлах нь ер бусын зүйл гэж өрнөдийн мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь ДЭМБ-ын эрдэмтэд “Ковид-19”-ийн халдварын дэгдэлтээс хойш БНХАУ-д голлон анхаарал хандуулж байгаатай холбоотой байж магадгүй гэж хөндлөнгийн улс орнуудын эрдэмтэд тайлбарлаж байна.