Хятад, Өмнөд Солонгос, Японы Гадаад Хэргийн сайд нарын гурван талт яриа хэлэлцээ ирэх амралтын өдрүүдэд Пусан хотод болох төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий хоёр гүрний удирдагч Нэгдсэн улсын Сан-Франциско хотноо дээд хэмжээний уулзалт хийснээс хойш ердөө 7 хоногийн дараа Зүүн Азийн гурван том тоглогч орны Гадаад Хэргийн сайд нар ийнхүү уулзахаар болжээ.
Сан-Франциско хотноо Жо Байден, Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалт хийсэн нь өөрөө ахиц дэвшил юм гэж шинжээчид дүгнэсэн байна. Бусдаар бол уламжлалын дагуу удирдагчид хоёр улсын ялгаатай байдал, стратегийн ач холбогдлоо онцолсон, тус тусын байр сууриа хамгаалсан уулзалт болсон гэж шинжээчид хэлж байна. Мөн хоёр гүрний стратегийн өрсөлдөөн нь удаан хугацааны туршид үргэлжилж талуудын харилцааны гол шинж чанар хэвээр байх болно гэж тайлбарлаж байна.
Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд болох гурван талт яриа хэлэлцээгээр Бээжингийн баримтлах үзэл баримтлал бол Сөүл, Токио хоёртой харилцаагаа сайжруулахад бэлэн гэдгээ илэрхийлэх явдал гэж судлаачид үзэж байна.
Ану-ын Засгийн газрын Ази Номхон Далайн бүс нутаг дахь навигаци хийх боломжоо хадгалах, Тайваний өөрийгөө хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлэх, Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн тэлэлтийн эсрэг бодлогын арга хэмжээ зэрэгт Өмнөд Солонгосын эрх баригчид нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа юм. Харин БНХАУ-ын хууль тогтоогчид Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Сөүл, Вашингтоны хамтын ажиллагааг хүчтэй шүүмжилж, бас эсэргүүцэж байгаа юм. Саяхан БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль “бнхау Энэтхэг, Номхон далайн бүс нутагт хариуцлагатай тоглогч байх ёстой” гэдгийг сануулсныг Их Британийн телеграф сонин нийтэлсэн байна. Хариуд нь БНХАУ-ын Гадаад Хэргийн яамнаас Тайвань болон Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой асуудлаар Өмнөд Солонгосын тал чимээгүй байх ёстой төдийгүй хариуцлагагүй мэдэгдэл нь ирээдүйд Сөүлд хөнөөлтэй гэдгийг анхааруулжээ. Энэ мэтчилэн хурцадмал байдал даамжирч байгаа тул Азийн томоохон гурван улсын Гадаад Хэргийн сайд нарын уулзалтаар ахиц дэвшил гарахгүй байх гэж ОУ-ын тэргүүлэх шинжээчид үзэж байна.