Нийслэлд 10 мянга гаруй айл цахилгаан халаагуур ашигладаг гэх судалгаа байна. Иргэд тухтай цэвэрхэн орчинд амьдрахын тулд аль болох зуухнаас татгалзах болсон байна. Гэр хороололд гал түлэхгүйгээр халаалтаа шийдэх боломж ховор байдаг тул ихэвчлэн цахилгаан халаалтыг сонгодог байна. Хүйтний улирал эхэлснээр цахилгаан эрчим хүчний асуудал хүндхэн нөхцөл байдалд орсон тул сүүлийн өдрүүдэд хязгаарлалт хийх тохиолдол цөөнгүй гарах болжээ. Хүйтний эрч чангарч байгаа энэ цаг үед айл өрхүүдийн гэрт хөлдөлт үүсэх эрсдэл тулгардаг байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад 65 мянга гаруй аж ахуй нэгж, 746 мянга гаруй айл өрх цахилгаан эрчим хүч хэрэглэж байна. Эдгээр аж ахуй нэгж айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангахын тулд улсад үйл ажиллагаа явуулж байгаа станцууд ямар ч нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хэрэв хүйтний эрч чангарсан үед нэг станцад гэмтэл гарахад үйл ажиллагаа бүрэн зогсож эрчим хүч тасалдах аюултайг салбарын яамнаас удаа дараалан анхааруулаад байгаа юм. Мөн салбар яамнаас батериа цэнэгт хураагуур төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмж нь цахилгааныг хуримтлуулах зориулалттай бөгөөд дунджаар 10 аймгийн төвийг эрчим хүчээр хангах хэмжээний хүчин чадалтай юм.
Цахилгаан халаагуур ашиглан халаалтаа шийдэх нь агаарын бохирдлыг бууруулах гол шийдэл болж байгаа. Гэсэн хэдий ч эрчим хүчний дутагдалтай байгаа энэ цаг үед хүнд нөхцөл байдалд орох томоохон эрсдэл тулгарч байгааг иргэд хэлж байсан юм.