Энэ он дуусахаас өмнө 300 гаруй автобус шинээр оруулж ирнэ, үлдсэн 300 гаруй автобусыг ирэх оны 1-р улиралд багтаан авахаар төлөвлөж байна хэмээн нийслэлийн удирдлагууд мэдээллээ. Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмж муу байгаагийн бас нэг шалтгаан нь жолооч нарын тоо хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Тиймээс автобусны жолооч нарын цалинг нэмэгдүүлж, сарын 1000 ам.долларт хүргэхээр судалж байгаа юм байна.
Өнгөрсөн 10-р сард 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авах тендер зарласан. Энэ хүрээнд 2023 он дуусахаас өмнө 300 гаруй автобусыг шинээр оруулж ирснээр 12-аас дээш жил болсон 465 автобус үйлчилгээнээс хасах юм байна.
Нийтийн тээврийн салбарт нийт 1880 гаруй жолооч шаардлагатай гэдэг судалгаа гарсан. Тэгвэл одоогоор 221 жолоочийн орон тоо сул байгаа юм. Мөн автобусны жолоочийн цалин 1.7-2 сая төгрөг байна. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд жолоочийн цалинг 1000 ам.доллар болгож нэмэгдүүлэхээр судалж байгаа талаар нийслэлийн удирдлагууд мэдээлж байна.
Шинээр нийлүүлэх автобуснуудад дараах шаардлагуудыг тавьж байгаа юм байна. Тухайлбал, 2023 онд үйлдвэрлэсэн, суудлын тоо 26-30, зогсоо зорчигчийн тоо 50-аас дээш нийт зорчигчийн багтаамж 80-аас дээш байх ёстой. Мөн автобусны хана, тааз, шал нь өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, шал нь зорчигчийг гулгаж, халтирахаас сэргийлсэн материалаар хийгдсэн байх шаардлагатай гэдгийг тусгасан байна. Түүнчлэн зорчигчийн хэсэгт зургаагаас багагүй халаалтын төхөөрөмжтэй нэмэлтээр урьдчилсан халаагууртай байх зэрэг шаардлагыг тавьжээ.
Мөн шинэ автобусны гараашийн асуудлыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлт бий болгох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн нийтийн тээврийн компаниудад төсвөөс олгодог татаасыг шударга, зөв зохион байгуулалттай болгох ажлуудыг цогцоор нь хийх юм байна.