Монгол улс ном зүйн нэгдсэн цахим системтэй болно

Монгол улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжөөд 100 гаруй жил болж байгаа ч өнөөг хүртэл үндэсний хэмжээний ном зүйн нэгдсэн систем байгаагүй юм. Тэгвэл Үндэсний номын сан олон улсын номын сангийн холбооноос гаргасан цахим ном зүйн загвар болон бусад орнуудын судалгааны үр дүнд тулгуурлан ном бүтээлийг улсын хэмжээнд нэгтгэн, мэдээллийн сан бий болгохоор ажиллаж эхэлжээ. Ингэснээр уншигч хүссэн газраасаа аль нэгэн зохиол, номыг цахимаар шууд унших боломжтой болох юм байна.

Соёлын сайдын 2023 оны 04 сарын 18-ний өдрийн тушаалын дагуу монгол улсын үндэсний номын сангаас "үндэсний ном зүйн нэгдсэн мэдээллийн сан" байгуулахаар ажиллаж байна. Олон улсад ном зүйн системийг бүрдүүлэхэд ашигладаг төрөл бүрийн аргачлал байдаг байна. Үүний нэг нь заавал авах хувь. Энэ нь зохиолч бүтээлээ хэвлүүлсэн даруйдаа улсын номын санд 3-5 ширхэг номыг заавал өгнө гэж зааж өгчээ. Энэхүү заалт нь манай улсад 1930-1990 оныг хүртэл 60 жилийн хугацаанд л хэрэгжжээ.

Тэгвэл ном зүйн нэгдсэн системийг бий болгосноор:

  • Номын мэдээлэл олон нийтэд нээлттэй болж номын борлуулалт, зохиолчид очих ашиг нэмэгдэнэ.
  • Зохиолчийн нэрийн баталгаажсан бүртгэл үүснэ. Ингэснээр дотоодын болон гадаадын аль номын санд тухайн бүтээл уншигчдад хүрч байгааг бүртгэлжүүлэх боломжтой болох юм байна.
  • Мөн дотоодын номын сангуудын каталогт нэг загвар, стандартаар бүртгэгдэж,
  • Үндэсний оюуны өв санд зохиолчийн бүтээл бүртгэлжиж, баталгаажна.
  • Цаашлаад судалгааны эргэлтэд орох, эш татагдах нөхцөл бүрдэх бөгөөд,
  • Зохиогчийн эрхийн зөрчил, оюуны өмчийн хулгайгаас хамгаалагдах орчин бий болох юм байна.

Зохиолчийн ном бүтээлийг цахим системд бүртгэхдээ олон улсын ном зүйн стандартын дагуу 900 талбар бөглөх ёстой боловч манай улсын номын сангууд 20 орчмыг л бөглөдөг байна. Тиймээс номыг утга агуулгаар болон үгчлэн хайлт хийхэд илэрцийн тоо бага гарч ирэх асуудал үүсдэг байна.

Одоогоор Үндэсний цахим ном зүйн нэгдсэн систем бий болгох ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.

Эхний ээлжид зөвхөн 2022 онд Монгол хэлээр хэвлэгдэн гарсан орчуулгын болон дотоодын зохиолчдын бүтээлийг бүртгэх ажил явагдаж байгаа юм. Харин орчуулагдаагүй буюу гадаад хэлээр хэвлэгдэн гарсан номын агуулгын 30 хүртэлх хувь нь Монгол улсын тухай өгүүлсэн бол ном зүйн цахим системд заавал бүртгүүлэх шаардлагатай юм байна.