Япон улсад хог түүж, цуглуулах анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн 21 улсын идэвхтнүүд Япон улсад цугларч, олон нийтийн анхаарлыг байгаль орчны асуудалд хандуулах зорилготойгоор хог түүн цуглуулах анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ. Австрали, Бразил зэрэг улсын гурван хүний бүрэлдэхүүнтэй идэвхтнүүд Японы Шибуяа, Омотесандогийн гудамжаар 90 минутын туршид хог, хаягдал цуглуулж, дараа нь олсон хогоо ангилан ялгасан байна.

Япон улсад зохион байгуулагдсан хог түүж, цуглуулах анхны ДАШТ-д Их Британийн гурвал 90 минутын хугацаанд 57 килограмм хог хаягдал цуглуулж, ангилж ялгаснаар түрүүлсэн бол эзэн орны идэвхтнүүд хоёрдугаар байрт шалгарчээ.

Тус тэмцээнд түрүүлсэн Их Британийн идэвхтнүүд спортоор хичээллэнгээ байгалийн экологийн асуудалд анхаарлаа хандуулах нь үнэхээр гайхалтай туршлага байсныг онцлоод, өнгөрсөн хугацаанд дэлхий нийт байгаль орчноо хэрхэн бохирдуулсныг тэд энэхүү өрсөлдөөнөөрөө харуулж чадсаныг дурдсан байна.

Мөн Бразил улсын байгаль орчны идэвхтнүүд ариун цэврийн стандартаар дэлхийд тэргүүлэгч Япон улсын гудамж талбайгаас хог хаягдал цуглуулах нь туйлын хүндрэлтэй байсныг хэвлэлд ярьсан байна.

Тэгвэл АНУ-ын оролцогчид Шибуяагийн залуучуудын гудамжнаас хаягдал бохь болоод тамхины нэг ширхэг ч иш олж чадаагүйгээ ярьсан бөгөөд зарим тохиолдолд гудамжинд зорчиж яваа хүмүүсийг хог хаяхыг нь хүлээж харуулдаж зогссоноо хөгжилтэйгөөр хүүрнэжээ.

Япон улсын байгаль орчны идэвхтнүүд 2008 онд өөрийн улсын иргэдийг гудамж дахь хог хаягдлаа цуглуулж, хогны саванд хаях дадал зуршилтай болгохын тулд дотооддоо энэхүү тэмцээнийг зохион байгуулж эхэлж байсан түүхтэй юм байна. Тэр цагаас хойш жил бүр өргөн хүрээг хамарч эхэлснээр ОУ-ын бусад идэвхтнүүдийн анхаарлыг татаж, тэмцээний нэр хүнд ч өссөн байна.

Зохион байгуулагчдын зүгээс хог түүж, цуглуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг байгаль орчны асуудал, тэр дундаа далай, тэнгис дахь бохирдлын талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна. Харин дараачийн зорилго нь байгаль орчны бохирдлын асуудлыг ухамсарласан, тодорхой арга хэмжээ авах хүсэлтэй хүмүүст боломж олгох явдал юм гэдгийг зохион байгуулагчид хэлжээ. Хоёр дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 онд зохион байгуулахаар төлөвлөжээ.