Илон Маск Израил улсад айлчилж, Ерөнхийлөгч Исаак Херцог болон барьцаанаас суллагдсан хүмүүстэй уулзана

Иргэний эрхийг хамгаалах бүлэг, байгууллагууд дэлхийн хамгийн баян хүн Илон Маскыг өөрийн эзэмшлийн Х цахим сүлжээндээ антисемитизмийг сурталчилж байна гэж буруутгаж байгаа юм. Тэгвэл өчигдөр Илон Маск Израил улсад зочилж тус улсын Ерөнхийлөгч Исаак Херцог болон Хамасын барьцаанаас суллагдсан хүмүүсийн төлөөлөлтэй биечлэн уулзахаар болсныг хэвлэлүүд мэдээлж байна.

Израил болон Хамас зэвсэгт байгууллагын удирдлагууд харилцан гал зогсоож, хүмүүнлэгийн коридор нээн, барьцааны хүмүүсийг суллах дөрөв хоногийн эвлэрлийн гэрээ байгуулаад байгаа юм. Харин Илон Маскийн айлчлал нь Газын зурваст энхийн гэрээ хэрэгжиж байгаа цаг үетэй давхцаж байгаа төдийгүй сүүлийн 24 цагийн хугацаанд Хамасын барьцаанд байсан 40 гаруй хүн суллагдаж, Израил улсад аюулгүй газарт хүргэгдсэн үетэй таарч байгаа юм.

Газын зурваст зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхий дахинд антисемитизм ба исламофобитой холбоотой гэмт хэргийн гаралт түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, эрчээ аваад байгаа.

Газын зурвас дахь нөхцөл байдлын уршгаар дэлхий нийт хоёр туйлд хуваагдаж зарим нь Исламын улс орнууд дунд байгаа Израилын ганцаардлыг ойлгож байгаа бол нөгөө хэсэг нь Палестины ард түмний зовлон зүдүүр, хавчин гадуурхалтыг таслан зогсоох ёстой гэж үзэж байгаа юм.

АНУ-д гэхэд л антисемитизмтэй холбоотой гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 400 хувиар өссөнийг судалгааны байгууллагаас мэдээлжээ. Нөгөөтээгүүр Европын улсууд дахь хэт барууны үзэлтнүүд цагаачлалыг эсэргүүцэж Ойрх Дорнод болон Исламын шашинт улс орнуудаас цагаачид хүлээн авах асуудлыг эргэн сөхөж, нөхцөл байдал ийнхүү хүндрээд байна.

Харин Илон Маск өөрийн цахим хуудастаа Еврейчүүдийн уугуул америк, Европчуудыг орлох төлөвлөгөө хэрэгжиж байгаагаас гадна цагаачлалын шилжилтийг анх санаачилсан хүмүүс нь чухамхүү Иудейчүүд хэмээн буруутгасан өнгө аястай мэдээлэл хуваалцсан нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.