Жолооч нэг уулзвар нэвтрэхдээ хамгийн ихдээ 4 минут хүлээх ёстой ч энэ зохицуулалт нь 120 мянгатын уулзвар дээр хэрэгжихгүй байна

Жолооч нэг уулзвар нэвтрэхдээ хамгийн ихдээ 240 секунд буюу 4 минут л хүлээнэ гэж заасан байдаг байна. Тэгвэл энэ зохицуулалт нь ХУД-ийн 120 мянгатын уулзвар дээр хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилж байна. Ялангуяа, ажил эхлэх, тарах цагаар буюу оргил ачааллын үеэр Нисэх, Яармагийн чиглэлийн нийтийн тээвэр болон автомашинууд 120 мянгатын уулзвар дээр хамгийн багадаа 10 минут хүлээн зогсож байгаа нь иргэдийн тэвчээрийг барж байгааг хэлж байсан юм.

Тэгвэл холбогдох мэргэжилтний тайлбарлаж байгаагаар жолооч нэг уулзвар нэвтрэхдээ хамгийн ихдээ 4 минут л хүлээдэг байна. Гэвч тодорхой шаардлагатай тохиолдол буюу гаднаас төрийн өндөр албан тушаалтан айлчилсан мөн түргэн тусламжийн машин явж өнгөрөх зэрэг нөхцөл байдалд уулзвар нэвтрэх хүлээлтийн хугацаа нэмэгддэг байна. Мөн 120 мянгатын уулзварын хувьд хойноос урагш чиглэлийн машиныг задлахгүй бол 0 зогсолтод орох магадлалтай учир ийнхүү Нисэх, Яармагийн чиглэлийг удаан хүлээлгэж, тодорхой зохицуулалт хийдэг гэж мэргэжилтэн тайлбарлаж байна.

Иргэд зөвхөн зайсан чиглэлээ л татаад Нисэх, Яармагийн чиглэлийн зорчигчдыг 120 мянгатын уулзвар дээр удаан хүлээлгэдэг гэж шүүмжилж байгаа бол албаны зүгээс тус уулзвар дээр хөдөлгөөн зохицуулалтыг бусад уулзвартай ижлээр зохицуулдаг гэдгийг хэлж байна. Тэгвэл зөвхөн 120 мянгатын энэ уулзвар ч биш мөн нийслэлийн бусад ачаалалтай уулзварыг ч ойлгомжгүй байдлаар зохицуулдгийг хэзээ ном журмаар, тодорхой стандартаар зохицуулдаг болохыг иргэд хүлээж байгаагаа илэрхийлж байна.