Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой эхний сонсголыг ирэх сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулна

Саяхан шинээр байгуулагдсан УИХ-ын нүүрсний хэргийн хянан шалгах түр хороо өчигдөр хуралдсан байна. Нүүрсний хэргийн эхний сонсголыг ирэх сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Ш.Адьшаа тэргүүтэй нийт 175 иргэнийг гэрчээр дуудан оролцуулахаар болсон байна.

Нүүрсний хэргийн эхний удаагийн сонсголоор хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах хүрээнд 4 асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 1-т, “Тавантолгой” хувьцаат компанийн нүүрс олборлолт тээвэрлэлт, 2-т тус компанид эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, 3-т “ЭТТ” хувьцаат компанийн үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, харин 4-т “ЭТТ” хувьцаат компанийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтын үйл ажиллагаа гэсэн чиглэлээр сонсголыг зохион байгуулна.

Нүүрсний хэргийн 2 дахь удаагийн сонсголыг мөн ирэх сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.