АНУ-д хүүхдүүд бөх нойрсохын тулд мелатонин дааврын бэлдмэл ихээр хэрэглэж байна
АНУ-д бага насны хүүхдүүдийн дунд мелатонин хэмээх дааврын бэлдмэл хэрэглэх нь “Хэт түгээмэл” үзэгдэл болсон төдийгүй 14-өөс доош насны таван хүүхэд тутмын нэг нь бөх нойрсохын тулд ийм төрлийн бэлдмэлийг хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Ийм төрлийн дааврын бэлдмэл хэрэглэх нь нойргүйдлийг даван туулах богино хугацааны шийдлээс гадна замбараагүй хэрэглээ нь сөрөг үр дагаварт хүргэж байгааг холбогдох албанаас мэдээлжээ.

АНУ-д эцэг эх асран хамгаалагчид хүүхдүүдээ унтуулахын тулд мелатонин дааврын бэлдмэлийг уулгах тохиолдол эрс нэмэгдсэн тухай холбогдох албанаас мэдээлжээ. Тухайлбал 5-14 насны нийт хүүхдийн 20 орчим хувь нь үүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Өнгөрсөн жил АНУ-ын нойрны анагаах ухааны академиас залуучууд, хүүхдүүдэд мелатонин хэрэглэх талаар албан ёсны эрүүл мэндийн зөвлөмжийг танилцуулсан байна. Эцэг эх асран хамгаалагчид ийм дааврын бэлдмэлийг хүүхдэд өгөхөөс өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй талаар дурдсан байна.

Мелатонин нь хүний нойрны мөчлөгийг зохицуулдаг өнчин тархинаас ялгардаг даавар юм. Ийм дааврын бэлдмэлийг АНУ-д нэмэлт тэжээл гэсэн ангилалд багтааж, эмийн жоргүйгээр олгодог бол Европ, Азийн улсуудад эмийн төрөлд хамааруулан үздэг байна.

Тэгвэл мелатонин бол нойргүйдлийн даван туулах богино хугацааны шийдэл гэж үздэг ч эцэг эхчүүд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд, бүр хэдхэн сартай нярайд хүртэл уулгаж, хэрэглүүлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж судлаачид үзэж байна.

АНУ-ын хүнс эмийн чанарын хяналтын газраас 2012-2021 оны хооронд бага насны хүүхэд мелатонин ууж хэрэглэсний уршгаар их бага хэмжээгээр хордлогод орсон тохиолдол өмнөх 10 жилийн үзүүлэлттэй харьцуулахад 530 хувиар нэмэгдсэнийг мэдээлжээ. Мөн дааврын хэрэглээний гаж нөлөө нь өдрийн цагаар нойрмоглох, толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг төдийгүй урт хугацааны хор уршгийг тогтоохын тулд дахин хугацаа хэрэгтэй гэж судлаачид үзэж байна. Бас нойргүйдлийг даван туулахын тулд, тэр дундаа хүүхдүүдэд мелатонин уулгахаас илүүтэй тогтсон цагийн хуваарийн дагуу унтуулах, зуршил, зан үйлийг өөрчлөх, нас биеийн онцлогт нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэх зэргээр зохицуулж болохыг мэргэжилтнүүд мэдээлж байна.