Шинэ Зеланд улсын ээлжит засгийн газар татварын хөнгөлөлттэй холбоотой санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд утаат тамхинд оногдуулсан хоригоо цуцлах төлөвлөгөөтэй байна. Шинэ Зеланд нь утаат тамхинд хориг тавьж, 2008 оноос хойш төрсөн иргэддээ ирэх 2024 оноос эхлэн худалдан борлуулахыг хориглосон дэлхийн анхны улс болоод байсан юм. Мөн шинэ Зеландад урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгаанаар тамхинаас үүдэлтэй зүрх судас, дотоод эрхтний өвчлөлүүд нэрлэгдэж байсан юм. Энэ бодлого нь залуу хойч үеэ энэ хорт зуршлаас сэргийлэх зорилготой байсан.
Тэгвэл тус улсын Засгийн газрын гэнэтийн өөрчлөлтийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд нь хурцаар шүүмжилж байна. Шинэ Зеландын эрдэмтэн мэргэд тамхинд хориг тавих нь гайхалтай санаачилга байсан ч татварын санхүүжилт, мөнгө санхүүтэй холбоотойгоор ухарсан шийдвэр гаргаж, ирээдүйдээ аюул занал учруулах нь харалган шийдвэр болохыг анхааруулсан байна.
Жасинда Ардерний тэргүүлж байсан Засгийн газрын баталсан хууль тогтоомж нь гол шинэчлэлийг дэмжсэн судалгааны загвараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр жишээ болоод байсан юм.
Тамхины жижиглэн худалдаалагчдын тоог хязгаарлах, тамхины никотины хэмжээг бууруулах, залуу хойч үедээ тамхи худалдаалан борлуулахыг хориглосноор жил бүр 5000 хүний амийг аврах боломжтойг судлаачид тогтоосон юм. Харин 10-р сарын 14-нд болсон санал хураалтаар сонгогчдын 38 хувийн саналыг авч парламентын танхимд дийлэнх олонх болсон Шинэ Зеландын Үндэсний Нам сонгуулийн сурталчилгааны үеэр тамхины асуудлыг огт хөндөөгүй гэдгээ мэдэгдэж, бизнес эрхлэгчдэд төрөөс татаас олгох төлөвлөгөө нь үр дүнгүй, төсвийн үр ашиггүй зардал гаргаж байгааг дурдсан байна. Иймд тамхины хоригийг цуцалж, татвараа нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.