Хаан найрал чуулга нь эртний Монгол хаадын ордонд эгшиглэж байсан хөгжмийн бүтээлийг толилуулдаг. Тус чуулга байгуулагдахын тулд 10 гаруй жилийг судалгааны ажилд зарцуулжээ. Тухайлбал, БНХАУ-ын нийслэл Бээжин хотын хааны музейд хадгалагддаг Лигдэн хааны ордны найрал хөгжмийн алтан үсгээр тэмдэглэгдсэн ноотыг хуулбарлан авч орчин үеийн таван утастай ноотонд хөрвүүлжээ. Мөн Монгол нутаг дахь археологийн олдвороос илэрсэн эртний хөгжмийн зэмсгээс 21 төрлийн 38 орчмыг нь сэргээн засварлаж хөглөн эгшиглүүлж байна.
“Чингис хаан” Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгад СУИС, Монгол улсын Консерваторид суралцаж байгаа 20 оюутан хөгжимчнөөр ажиллаж байна. Тэд сүүлийн 3 жилийн хугацаанд бэлтгэгдэж ийнхүү албан ёсоор нээлтээ хийн уригдсан зочид, эрдэмтэн судлаачдад анхны тоглолтоо хүргэлээ.
Хаан найрал чуулга нь Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл болж ийнхүү нээлтээ хийснээр цаашид Чингис хаан Үндэсний музейн танхимд дотоодын болоод гадаадын жуулчдад тогтмол тоглолтоо хүргэх юм байна.
Хаан найрал чуулгын хөгжимчид тоглож байгаа хөгжмийн зэмсэгтэйгээ уялдуулан яг тухайн үеийнх нь олдворын хувцсыг сэргээн өмсөж байна. Мөн бүтээл тоглохдоо газар суун эртний хааны ордонд тоглогдож байсан уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьжээ.