Иргэдийн боловсролын түвшин сайн байгаа ч эрүүл мэнд болон орлогын  үзүүлэлтээр бусад улс оронтой харьцуулахад муу байна

Дэлхийд олон сая хүн ядууралд нэрвэгдсэн хэвээр буюу эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдарч, аюулгүй байдал нь янз бүр байдлаар алдагдсаар байна. Мөн тухайн улс орны эдийн засгийн өсөлтөөр хүний хөгжлийг хэмжиж болохгүй. Манай улс гэхэд л эдийн засаг цар тахлын өмнөх үетэй ижил түвшинд очсон ч иргэд ядууралд нэрвэгдсэн хэвээр байна. Энэ нь олон талт хувилбаргүй бодлого шийдвэр гаргадаг буюу эрсдэлт нөхцөл байдлыг тооцолгүйгээр хамгийн сайн хувилбараар нь төсөөлж бодлого шийдвэр гарган засаглаж байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Хүний хөгжил гэдэг бол аливаа улс орны тулгуур асуудал. Манай улс хүний хөгжлийн индексээр 189 орноос 96 дугаар байрт орж байгаа юм. Энэ шалгуур үзүүлэлтийг гаргахдаа иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орлогоор нь хэмждэг байна. Манай улсын нийт иргэдийн боловсролын түвшин сайн байгаа ч эрүүл мэнд болон орлого гэсэн үзүүлэлтээр бусад улс оронтой харьцуулахад доогуур орж байна. Мөн шийдвэр гаргагчид аливаа бодлого гаргахдаа олон талт байдлыг харгалзаж үзэлгүй, эрсдэлийг тооцдоггүй нөхцөл байдал олонтоо гардаг юм. Үүнээс шалтгаалж алдагтай төсөв баталдаг цаашлаад энэ нь иргэдийн амьжиргаанд ч ихээхэн хүндрэл үүсгэж байна.

Мөн хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулахын тулд манай улс нь дунд хугацааны бодлого, салбар хоорондын уялдаа холбоог анхаарах хэрэгтэй байгаа юм. Гэтэл манай улс дунд хугацааны бодлогыг чухалчлан авч үзэхгүй байгааг эдийн засагчид хэлж байна. Жишээлбэл, эрчим хүчний салбарыг бусад улсаас хараат бус байлгана гэсэн урт хугацааны зорилготой. Гэтэл хэрхэн, яаж, ямар арга замаар гэсэн дунд хугацааны бодлого байдаггүй. Үүнээс шалтгаалж өнөөдөр Улаанбаатар хот хөлдөх эрсдэлд хүрээд байгаа юм. Энэ нь эргээд хүний хөгжилд ч нөлөөлж байгаа нэг хэлбэр юм.

Хүний хөгжлийн асуудал бол нэг салбарын асуудал биш. Эрүүл мэнд, боловсрол, хууль зэрэг бүх салбар хамтран ажиллаж, уялдаа холбоогоо сайжруулж, залуучуудыг ажлын байраар хангах, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн хөгжлийн асуудлыг шийдэх зэргээр ажиллах хэрэгтэй байгаа юм.