Энэтхэг улсын алс Хималайн уулархаг нутагт газар доор ажиллаж байсан 41 ажилчин хонгилын гарц нурсны уршгаар сүүлийн 18 хоногийн турш тэнд гацаад байсан юм. Тэгвэл мягмар гарагт тэдгээр ажилчдыг аврах ажиллагаа амжилттай болсныг хэвлэлүүд мэдээлжээ.
Өнгөрсөн хугацаанд 4.5 километрийн гүнд гацсан ажилчдад хүрэхийн тулд олон төрлийн машин техник, тоног төхөөрөмж ашигласан ч үр дүнд хүрч чадаагүй байсан юм. Харин “Хархны нүх малтагчид” хэмээх хууль бусаар нүүрс олборлогчид хонгилд цооног гаргахын тулд гар өрөм ашигласнаар ажилчдыг аварч чадсан байна. 90 сантиметр өргөн цооног хоолойг өрөмдөж, ажилчдыг түүгээр гаргасан бөгөөд эмнэлэгт хүргэж, үзлэгт хамруулжээ.
Өнгөрсөн хугацаанд хонгилд гацсан ажилчдад жижиг хоолойгоор дамжуулан хүчил төрөгч, хоол хүнс, ундны ус дөхүүлж байсан төдийгүй тэднийг аврахын тулд чамгүй олон аврагч ажилласан байна.
Харин хууль бусаар нүүрс олборлогчид олборлолт дуусгавар болсон уурхайн гүнд жижиг хэмжээний цооног гаргаж, түүгээрээ газрын гүн дэх нүүрсийг олборлодог байна. Энэ нь олборлогчдын амь насанд аюул занал учруулдаг тул хууль тогтоогчид хориглосон байдаг ажээ. Харин мягмар гарагт ийм эрсдэлтэй ажил хийж амьжиргаагаа залгуулдаг малтагчдын ачаар тэдгээр хонгилд гацсан хүмүүсийг аварсан нь олныг гайхшируулсан байна.
Хууль бусаар нүүрс олборлогчид сүүлийн 24 цагийн хугацаанд амралтгүй гар өрмөөр цооног гаргаж, тэдгээр ажилчдыг аварснаа хэвлэлд ярьж, эх орныхоо төлөө чадах бүхнээ хийсэндээ баяртай байгаа гэдгээ уламжилсан байна.