Саудын Араб хөгжиж байгаа улс орнуудад газрын тос, байгалийн хийн эрэлтийг бий болгохын тулд томоохон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа нь нууц мөрдөн байцаалтын явцад ил болжээ. Шүүмжлэгчид уг төлөвлөгөө нь ядуу буурай улс орнуудыг “Хор хөнөөлтэй бүтээгдэхүүндээ автуулах” зорилготой гэж мэдэгдсэн байна.
Судалгаагаар чинээлэг улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжиж, газрын тосны эрэлт буурч байгаа тул дэлхийн томоохон газрын тос олборлогч Саудын Арабын хууль тогтоогчид “Газрын тосны эрэлтийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэж шүүмжлэгчид үзэж байна. Энэ нь чулуужсан түлш буюу газрын тос, байгалийн хий зэргээр ажилладаг автомашин, автобус, онгоцны хэрэглээг Африк болон бусад хөгжиж байгаа улс орнуудад нэмэгдүүлэх, ингэснээр урт хугацаандаа эрэлт тасрахгүй гэж үзсэнтэй нь холбоотой байна.
Саудын арабын газрын тосны эрэлтийг дэлхий дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөний өөр нэг хэсэг нь түлш ихээр зарцуулдаг онгоц, тэр дундаа дуунаас хурдан агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх, түүнчлэн автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран дотоод шаталтат хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг олноор үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна ядуу буурай улс орнуудад цахилгаан эрчим хүч нийлүүлэхийн тулд нүүрс, газрын тос, байгалийн хий ашиглах, дэд бүтэц байгуулахад хөрөнгө оруулахаар бэлтгэж байна.
“Газрын тосны эрэлтийг тогтворжуулах” хөтөлбөрт Саудын Арабын Де Факто захирагч, угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман хяналт тавьдаг төдийгүй 700 тэрбум долларын хөрөнгө оруулалтын сан, дэлхийн хамгийн том газрын тосны компани Арамко, нефть химийн салбарын Sabic болон Засгийн газрын төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд тэрбээр голлон оролцдог байна.
Олон нийтэд нээлттэй мэдээлэлд өгүүлснээр дээрх хөтөлбөр, төлөвлөгөө нь ядуу буурай орнуудын эрчим хүч, тээврийн салбарын “Саад бэрхшээлийг арилгах”, “Тогтвортой байдлыг нэмэгдүүлэх”, тухайлбал мод,нүүрсний хэрэглээг байгалийн хий, цахилгаан халаагуур зэргээр орлоход зориулагдсан гэжээ. Гэвч хөндлөнгийн ажиглагчдын мөрдөн шалгалтын явцад Саудын Арабын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр нь газрын тос, байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой байна. Энэ бол "Гол зорилтуудын нэг" гэж албаны хүн хэлсэн байна.