Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнууд дохионы хэлний хөдөлгөөнийг аудио болгон хөрвүүлэх бээлийг зохион бүтээжээ. Тэд хоёрдугаар курст суралцдаг, дөнгөж энэ жилээс л мэргэжлийн хичээлээ үзэж эхэлж байгаа. Гэсэн ч санаа нэгдэж хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор төсөл бичин, ажиллаж байна.
Эдгээр залуус бол ШУТИС-ийн утасгүй холбооны инженерчлэлийн 2-р дамжааны оюутнууд. Анх мэргэжлийн удиртгалын хичээлдээ таван оюутан нэг баг болж жижиг роботын төслийг амжилттай хэрэгжүүлж байжээ. Түүнээс хойш багаараа олон төсөл, технологийг хөгжүүлэх боломжтой юм байна гэж үзэн хоёр гишүүн нэмж долуулаа болсноор технологийн салбарт ирээдүйн инженерүүдийг бэлтгэх DX Cup технологийн тэмцээнд хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд туслах бүтээлийг зохион бүтээх төслөөр оролцож байна. Тэд бүтээлийнхээ санааг бодит амьдралаас авчээ.
Оюутнуудын бүтээл нь дохионы хэлний хөдөлгөөнийг аудио болгон хөрвүүлэх бээлий. Нэг сар хагасын өмнөөс санаагаа гарган, бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд одоогоор бүрэн дуусаагүй, хөгжүүлэлтийн шатандаа явж байна.
Оюутнууд мэдээлэл технологийн салбарт ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, инновацад суурилсан олон улсын жишигт нийцэхүйц тэмцээнд ямар ч амжилт үзүүлсэн цаашид тус төслийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ илүү хөгжүүлж зөвхөн хэл ярианы бэрхшээлтэй иргэд бусдад өөрийгөө ойлгуулах бус тэдэнд ч мөн иргэд яриагаа дохионы хэлэнд хөрвүүлэн ойлгуулах боломжтой нийгмийн эрх тэгш, тэнцвэртэй харилцааг илэрхийлэх бүтээлийг зохион бүтээнэ гэдгээ мэдэгдсэн юм