“Эрдэнэс Тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой”  хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулах зэрэг нөхцөл бололцоог хангуулах шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.

Мөн Ерөнхий сайдын зүгээс хуулиар тусгайлан эрх олгосон заалт, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг чиглэлийг Хууль зүйн сайд Б.Энхбаярт өгсөн байна.

Монгол улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс УИХ нийт 318 хуулийн 2493 заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар 850 хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдлын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзжээ.